Манай улсад нийт 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хамааралтай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдацтай хөгжиж буй өнөө үед эмчилгээ, оношилгооны арга аргачлалыг стандарт хэлбэрээр бус, эмнэлзүйн заавар хэлбэрээр батлах шаардлага үүсээд байгаа талаар холбогдох албаныхан хэлэлцэв.
Стандартын шинэчлэл хийх шаардлага
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газартай хамтран "Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндөв:
-
Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудын давхцалыг арилгах, шинэчлэх
-
Мэдээллийг ил тод, нээлттэй болгох
-
Стандарт батлах процесст төрийн оролцоог багасгах
-
Хэрэгжилтийн хяналтыг сайжруулах
Эдгээр саналуудыг стандартын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт дэвшүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид
Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн Д.Ганмаа болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.