Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцаж, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгалаа. Мөн гомдол гаргасан иргэдтэй уулзах зорилгоор тус ангид ажилласан байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулжээ
Тус анги нь хоригдогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ онд 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинээр хүлээн авч, ашиглаж эхэлжээ. 2024 оны байдлаар давхардсан тоогоор 1080 хоригдогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс 49.8 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс эмчилгээний зардал нэмэгдэх нөхцөл үүссэн байна. Түүнчлэн эмийн хамааралтай хоригдогчдын тоо нэмэгдэж байгааг Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа С.Ганбат мэдээлжээ.
ХЭҮК-ын шалгалтын явц
ХЭҮК нь зорилтот бүлгийн хүний эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд тус ангид хоригдож буй өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцав. Тухайлбал, жирэмсэн болон өсвөр насны хоригдогчдод анхаарал хандуулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах чиглэлээр зөвлөмж өгсөн байна.
Ажлын хэсэг Цагдан хорих байр, ангийн нэгдсэн эмнэлэг, өмгөөлөгч болон мөрдөн байцаагчдын уулзалтын өрөөнүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, шаардлагатай баримт материалыг шалган, гомдлын мөрөөр хоригдогч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгуулжээ.
Гомдлын тоо нэмэгдэж байна
Цагдан хорих 461 дүгээр ангиас ХЭҮК-д ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо жил бүр өсөж байна.
- 2022 онд – 167
- 2023 онд – 275
- 2024 онд – 332
Комисс нь хоригдогч нартай сард хоёр удаа биечлэн уулзаж, гомдол шийдвэрлэлтийн явцыг танилцуулж, хууль зүйн зөвлөгөө өгдөг байна.
Шалгалтын бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Б.Тэргэл нар багтаж ажиллажээ.
Эх сурвалж: Хүний эрхийн Үндэсний Комисс