Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын иргэд гадаад орнуудад зорчихдоо тухайн улсын хууль, журмыг чанд мөрдөхийг анхаарууллаа.
Манай улсын энгийн паспорттой иргэд 30 орчим улс руу визгүй зорчих боломжтой. Гэвч энэ тоог нэмэгдүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд иргэдийн хариуцлага чухал нөлөөтэй болохыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг онцолсон байна.
Виз мэдүүлэх асуудал
Гадаад улс орнуудын визний шаардлага харилцан адилгүй байдаг бөгөөд манай зарим иргэд хуурамч материал бүрдүүлэх зэрэг зөрчил гаргаж буй нь визний шалгалтын процессыг удаашруулах, Монгол иргэдийн итгэлийг сулруулах зэрэг хүндрэл учруулж байгаа аж.
Визийн зөрчлийг бууруулснаар иргэдийн виз мэдүүлэх явц хялбар болж, хүлээлгийн хугацаа багасах ач холбогдолтой юм. Тиймээс аяллын виз, бизнесийн виз, эрүүл мэндийн виз зэрэг ангилал бүрт судалгаанд суурилсан шийдвэр гаргах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам