АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин дахь дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлэх зорилгоор Саудын Арабт уулзахаар тохиролцжээ. Энэ талаар Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Д.Трампын хэлснээр, тэрбээр В.Путинтэй утсаар ярьж, дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон бөгөөд цаашид хоёр тал харилцан айлчлал хийх боломжтой талаар ярилцжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй холбогдож, В.Путинтэй хийсэн ярианыхаа талаар мэдээлсэн байна.
Д.Трамп Украиныг НАТО-д элсүүлэх нь зохистой биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, Киев ОХУ-ын хяналтад орсон бүх нутаг дэвсгэрээ буцаан авах магадлал бага гэсэн байр суурьтай байгаагаа онцолжээ.
Энэхүү уулзалтыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман зохион байгуулахад оролцох төлөвтэй байгаа аж.
Д.Трампын энэ мэдэгдэл нь АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэгийг бууруулж, ОХУ-тай харилцаагаа сайжруулах чиглэлд өөрчлөлт оруулж байгаагийн илрэл гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Европын Холбооны зарим гишүүн орнууд уг хэлэлцээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Украины оролцоогүйгээр хийсэн аливаа тохиролцоо тогтвортой байх магадлал бага гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Д.Трамп, В.Путин нарын уулзалт нь Украины дайныг зогсоох томоохон алхам болох ч хэлэлцээний нарийн ширийн болон бусад оролцогч талуудын байр суурь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters