Баруун болон Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан болж, 6 аймгийн 120 авьяаслаг төгөлдөр хуурч оролцлоо. Энэхүү уралдаан нь багш, сурагчдыг нэгтгэн туршлага солилцох, харилцан хөгжих боломжийг олгодгоороо онцлог юм. Хүүхдүүдийн хөгжимд дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уралдааны гол зорилго оршиж буйг зохион байгуулагчид онцоллоо.
Өмнө нь энэ тэмцээнийг Ховд, Говь-Алтай аймгууд зохион байгуулж байсан бол энэ удаагийн уралдааныг өндөр зохион байгуулалттай, өргөн хүрээнд явуулсан гэж оролцогчид үнэллээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүдийн ур чадвар эрс сайжирч, хөгжмийн боловсрол илүү чанаржсан нь тэмцээний явцад харагдаж байлаа.
Өвөрхангай аймгийн "Хаан Хурам" сургалтын төв нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авч, төрөл бүрийн ангилалд алтан медаль хүртэн, Гранпри шагналын эзэн боллоо. Хархорин сумаас 13 сурагч оролцож, нийт 19 төрөлд өрсөлдөж, бүгд шагналт байранд шалгарсан нь онцлох амжилт байв.
Төгөлдөр хуурын давуу талын тухай уралдаанд амжилттай оролцогчид онцлон дурдлаа. Төгөлдөр хуураар хичээллэх нь хүний баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулж, ноот унших чадварыг хөгжүүлдэг төдийгүй, бусад хөгжмийн зэмсгүүдээс илүү цар хүрээтэй гэдгийг тэмцээнд оролцогчид онцолсон юм.
Уралдааны үеэр оролцогчид, эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд Алтай нутгийн бэлгэдэл болсон "Зулай цагаан Алтай" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.
Энэхүү уралдаан жил бүр уламжлал болон зохиогдож буй бөгөөд ирэх жил Өвөрхангай аймагт зохион байгуулагдахаар товлогдлоо.