Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тус улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.