ХЭҮК-ын 24 дэх илтгэлд цахим технологитой холбоотой асуудлуудыг голлон хөнджээ. Жишээ нь, сургууль болон дотуур байрныхаа бүх өрөөнд хяналтын камер байрлуулсан зөрчил цөөнгүй гарсан байна. Мөн зочид буудал, караоке, нийтийн халуун усны газруудад хяналтын төхөөрөмж байршуулсан нь хүний эмзэг мэдээлэлд хэт халдсан үйлдэл гэж дүгнэжээ. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 120 мянга гаруй камер байршуулсан бөгөөд үүнээс улсын болон төсвийн хөрөнгөөр 11 мянга гаруй камерыг байршуулж, одоо ашиглаж байна. Эдгээр камер нь автомашины дугаар, хүний царайг таних боломжтой нарийвчлалтай хяналтын системтэй. Гэвч хүний хувийн мэдээллийг хамгаалах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах зохицуулалт одоогоор эхлэл төдий, хангалтгүй байна гэж дүгнэсэн байна.
Мөн хүний эрхийн зөрчилтэй холбоотой нэг асуудал нь зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим гавийн хэрэглээ аж. Өнөөдрийн байдлаар манай улсад зорчих эрхээ хязгаарлуулсан 6100 гаруй хүн байгаа бөгөөд тэдгээр нь 2-5 жилийн хугацаанд цахим гав зүүж явахаар заагдсан байдаг. Гэтэл эрүүл мэндийн тусламж авах шаардлага үүсэхэд харьяа дүүргийн эмнэлэгт очиж чадахгүй, байрлалын зөрүүгээс олон эрх нь зөрчигдөж байгааг тогтоожээ. Жишээлбэл, ялтан Хөтөл суманд амьдардаг бол харьяа эмнэлэг нь Орхон аймагт байршдаг. Ийм тохиолдолд хязгаарлалтын бүсээс гарах шаардлага үүсдэг.
Цахим гавыг бугуй болон хөлийн шилбэнд зүүдэг. Гэвч тэр нь авах боломжгүй хийцтэй учраас өвлийн улиралд гутал өмсөх, эсвэл чийгтэй нойтон газар ажилладаг хүмүүст хүндрэлтэй. Усанд норж эвдрэх, тогонд цохиулах эрсдэл ч бий. Цэнэглэх хугацаа нь 6-8 цаг бөгөөд цэнэг барих хугацаа нь 2-3 цаг гэж байна. Энэ нь бага хугацаа бөгөөд хүндрэл дагуулж байгаа аж.
Мөн манай улс иргэдээ цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлээгүй байна. Гэвч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, хууль хяналтын байгууллагууд иргэдээс зорилгоосоо хэтэрсэн мэдээлэл цуглуулан авч байгаа гэж үзжээ. Зарим тохиолдолд зорилгоосоо давсан, хэт их хэмжээний мэдээлэл цуглуулж байгааг анхааруулсан байна.
Ямар мэдээлэл цугларч байгаа, аль нь шаардлагагүй гэж ХЭҮК үзэж байгаа талаарх дүгнэлтээ ч мөн танилцуулжээ. Энэ удаагийн илтгэлд тагнах төхөөрөмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, цахим технологитой холбоотой ялгаварлан гадуурхалт, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн байна.