Өмнө нь ноцтой үр дагаварт хүргээгүй жижиг хэмжээний зөрчил гаргаж байсан Энэтхэгийн оюутнуудад одоо АНУ-аас гарч явахыг шаардаж эхэлсэн тухай The Economic Times сонинд бичжээ.
Цагаачлалын эрхзүйгээр мэргэшсэн шинжээчдийн ярьж байгаагаар, Трампын засаг захиргааны цагаачлалтай холбоотой бодлого чангарахын хэрээр жижиг хулгай, согтуугаар авто машин жолоодох, улаан гэрлээр уулзвар нэвтрэх зэрэг зөрчлүүд нь тухайн оюутны цагаачлалын статусыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болсон байна.
Өмнө нь иймэрхүү зөрчлүүд гаргасан оюутнуудад шийтгэл ногдуулж, зарим тохиолдолд шоронд хорьж байсан боловч эх оронд нь буцаадаггүй байсан юм. Харин одоо тэдний үйлдсэн “хуучин хэргүүдийг” дахин сөхөж байгаа бололтой. Жишээ нь, хоёр жилийн өмнө нэгэн энэтхэг оюутан хурд хэтрүүлсний учир торгуулж байсан бол одоо түүнд “нутаг буцах” аюул нүүрлэжээ.
Миссури муж улсад суралцдаг Энэтхэгийн өөр нэгэн оюутан согтуугаар авто машин жолоодож байгаад саатуулагдсан бөгөөд нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй хэмээн амлаад суллагджээ. Гэтэл саяхан өөрийнх нь визийг цуцалсан тухай тэрбээр ET сонины сурвалжлагчид ярьсан байна.
Өмгөөллийн Singhania & Co фирмийн ажилтан Аслам Ахмедын ярьснаар, дээрх зөрчлүүдийг гаргасан энэтхэг оюутнуудад F-1 визийг нь цуцалсан тухай, АНУ-аас нэн даруй гарч явахыг шаардсан захидлуудыг цахим шуудангийн хаягаар нь илгээжээ. Одоогийн байдлаар, 300 гаруй оюутан ийм мэдэгдэл хүлээж аваад байна.
F-1, J-1, M-1 ангиллын визтэй гадаадын иргэдийг хянадаг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам SEVIS системийг ашигладаг бөгөөд уг системээс оюутнуудын мэдээллүүдийг устгах нь тэдэнд маш хүнд цохилт болно гэж гадаадад сурахад нь оюутнуудад тусалдаг Collegify компанийг үүсгэн байгуулагч Адарш Кханделвал ярилаа.