Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг өөрийн хүргэн байсан хүнийг агаарын тээврийн компанид ажилд ороход нь дэмжлэг үзүүлж, хээл хахууль авсан хэргээр прокурорууд буруутгажээ. Мүн Жэ Ин болон түүний охин Да Хэ нар Мүний хүргэн байсан Сео овогтод Тайландад төвтэй агаарын тээврийн “Thai Eastar Jet” компаниас олгосон цалин, бусад төлбөрөөр дамжуулан авлига авсан хэрэгт холбогдсон байна.
“Thai Eastar Jet” компанийг үүсгэн байгуулагч, хууль тогтоогч асан Ли Сан Жик 2018 онд Өмнөд Солонгосын Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн асуудал эрхэлсэн агентлагийн даргаар томилогдсоны дараа Сео тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Сеог тус компанид ажилд авсны хариуд Ли Сан Жикийг уг албан тушаалд томилсон хэмээн прокурорууд сэжиглэж байгаа бөгөөд Сео тухайн үед агаарын тээврийн салбарт ажиллах туршлага багатай байжээ.
Эх сурвалж: Yonhap