Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж саналаа өгчээ.
УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.
Нийтийн өргөдөл гомдлын системд Б.Батбилэг НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах санал гаргасан юм. Энэхүү саналыг өнгөрсөн гуравдугаар сард үүсгэн, авч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 25-нд санал авах хугацаа дуусах байсан ч түүнээс урьтаж, 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгчээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай. Шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудал 100 мянган иргэний дэмжлэг авснаар УИХ асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй болов.
Өмнөх парламентын үед НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар мөн л 100 гаруй иргэн гарын үсэг зурж, УИХ-аар уг асуудлыг хэлэлцсэн боловч Сангийн сайд Б.Жавхлан "Татварын орлого бүрдэхгүй" гэснээр хуулийн төслийг буцааж байсан удаатай.