УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлаар намын бүлгүүд хуралдаж байна. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байр суурийг илэрхийлжээ.
Х.Булгантуяа:
-"Яг одоо холбогдох сайдууд намын бүлгүүдэд танилцуулгаа хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал өмнө нь намын бүлгээр ороогүй шууд холбогдох байнгын хороогоор ороод, түр хойшлогдсон байгаа. Монгол Улсын хувьд онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй. БНХАУ агаарын хөлгийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ өөрсдөө гаднаас түлш импортолж авдаг буюу өөрсдийн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Тиймээс манай улсад эрчим хүч тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Тэгэхээр бид ОХУ-аас хамааралтай байна гэсэн үг. Хүмүүсийн бухимдалтай байгаа зүйл нь 20 жилээр буюу урт хугацааны гэрээ байгуулж байгаатай холбоотой байна. Энэ хугацаанд дотоодын үйлдвэр ашиглалтад орчихно шүү дээ гэдэг зүйлийг ярьж байна.
Мөн маргааныг яагаад ОХУ-ын шүүх дээр авч үздэг юм бэ, дэд бүтэц гэж юуг хэлээд байгаа юм бэ гэх мэт асуулгыг тавьж байна. Тэгэхээр эдгээрийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал нь төрийн хоёр байгууллага нэгдэж байгаа учир үнэ нь арай хямд байж чадах юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өмнө нь хувийн хэвшил бас л ОХУ-ын талтай нэгдэж байсан шүү дээ. Энэ замаар импортолж байсан. Тэгэхээр одоо төрийн өмчит компанитай хамтарсан компани байгууллаа гээд хямд байж чадах уу гэдэг л чухал байна. Одоо дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 ам.доллар гарчихсан явж байгаа шүү дээ.
Ярилцах зүйл их байна гэдгийг намын бүлэг дээр гишүүд хэлж байна. Авч үзэх ёстой зүйл заалтууд маш их байна. Тухайлбал, Монгол Улсын эрх ашигтай нийцэхгүй зүйл заалт маш их байгаа учир холбогдох сайдууд дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр намын бүлэг чиглэл өгч байх шиг байна" гэв.
Сэтгэгдэл (1)