Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ХХ хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад зориулан таван га талбайг чөлөөлж, нийт 15 га талбайд төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар тайлбарлахдаа, 1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ч шинэ эрчим хүчний эх үүсвэр баригдаагүйг онцлоод, барилгын салбарын үйл ажиллагаа удааширсан гол шалтгааны нэг нь энэ хэмээн дурдав. Тэрбээр мөн “ТЭЦ-5”-ын төсөлд зориулсан техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчилж, байгаль орчны үнэлгээг хийж дууссан гэв.
Төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн дагуу нөхөн олговор олгох, эсвэл дүйцэх газар олгох шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хотын удирдлагууд иргэдийг бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөлд хүрэхийг уриалсан байна.
ТЭЦ-5 дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор дараах бүсүүд төвийн дулаан хангамжид холбогдох боломжтой болно. Үүнд:
-
Таван шар
-
21 дүгээр хороолол
-
“Хилчин” хотхон
-
Толгойт
-
Баянголын ам
-
Баянхошуу
-
3, 4 дүгээр хороолол
-
Нэгдүгээр хороолол
Тус станц ойролцоогоор 51 мянган айл өрхийг дулаан, цахилгаанаар хангах бөгөөд энэ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хотын баруун бүсийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах чухал алхам болж байна.
Мөн хотын инженерийн хангамжийн хүрээнд “Амгалан” дулааны станцыг өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжиж буйг албаны хүмүүс онцолсон байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ