Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд хүчтэй шороон шуурга болж, салхины хурд 34 м/с хүрч, зарим үед 44 м/с-д хүрэн ширүүсжээ. Үүний улмаас 40 иргэн орон гэргүй болсон тул Улсын онцгой комиссоос тусламж дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргав.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тонн тэжээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга Г.Чинбат суманд ажиллаж, тусламжийн тэжээл, дэмжлэгийг хүлээлгэн өгчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр орон гэргүй болсон 40 иргэнд шинэ гэр олгож, нөхцөл байдлыг шуурхай зохицуулж ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ