УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.
Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заасан байна. Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарласан.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэлэлцээрийн төслийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзээд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос завсарлага авсан. Өнөөдрийн хуралдаанаас хэлэлцээрийг дэмжихгүй гэдэг байр суурьт хүрчээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-“Угтаа үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани Чингис хаан ОУ-ын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл ОХУ-ын арбитраар шийднэ. Гэтэл энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил нефть авч хоёр гарцыг нь хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого,зөв сонголт нь биш.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан
-Өнөөдөр орж ирсэн Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мөн гуравдагч ертөнцтэй холбогдох Монгол Улсын ганц гарц болох агаарын тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалттай компанид давуу эрх олгох асуудлыг АН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Бид маш ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. АН-ын бүлэг эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад баяртай байна. Хоёрдугаарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль орж ирсэн. Үүнийг нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийг байдлаар "Тавантолгой" ХК-ний 20 орчим хувь нь л биржээр арилжаа хийж байгаа. Бусад нь урт хугацааны гэрээний дагуу явж байна. Биржээр явж байж ил тод нээлттэй байна гэдэг зарчим байсан. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг улам хумих цаашлаад бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь зарчимгүй явдал гэдгийг бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид уул уурхайн салбараа илүү нээлттэй, ил тод болгох тал дээр АН-ын бүлэг хатуу байр суурь илэрхийлээд явна гэдгийг хэлмээр байна.
Сэтгэгдэл (1)