Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай энэ сарын 19-нд уулзлаа.
Уулзалтын үеэр Х.Булгантуяа өнгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон гэдгийг онцлон, уг айлчлалыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийнх нь төлөө талархал илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурсан нь чухал үйл явдал болсныг дурдав. Тэрбээр цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрбээр ковид-19 цар тахлын үед Монгол Улс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивласанд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар