ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Энэ нь Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа хоёр улсын төрийн тэргүүнүүд шууд харилцсан тохиолдол болж байна.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, В.Путин, Д.Трамп нар Украины мөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ нотолж, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө 30 хоногийн хугацаанд харилцан зогсоох АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг Оросын тал хүлээн зөвшөөрсөн байна.
Путин мөн олзлогдсон цэргүүдийг гуравдугаар сарын 19-нд солилцох талаар мэдэгдэж, Орос, Америкийн шинжээчдийн баг байгуулж, мөргөлдөөнийг зохицуулах талаар ажиллахаар тохиролцжээ.
Цагаан ордны мэдэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дэн Скавино уг яриаг "бүх зүйл сайн явагдаж байна" хэмээн товч мэдээлсэн ч Цагаан ордны албан ёсны мэдэгдэл ердөө хоёр догол мөр байв.
Үүнд:
- Энх тайван тогтооход чиглэсэн үйл явцын эхний алхам нь эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, Хар тэнгист гал зогсоох явдал гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн гэж дурджээ.
- Тус яриа хэлэлцээ Ойрх Дорнодод удахгүй эхлэх төлөвтэй байна.
Д.Трамп "Truth Social" сүлжээндээ уг яриаг "маш сайн, үр дүнтэй" гэж тодорхойлж, бүрмөсөн гал зогсоох асуудлаар хамтран ажиллана хэмээн мэдэгджээ.
В.Зеленскийн хариу мэдэгдэл
ОХУ, АНУ-ын удирдагчдын ярианы дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-аас дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Хельсинкид айлчлал хийх үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох саналыг дэмжиж байгаа ч АНУ, ОХУ-ын тохиролцооны нарийн мэдээллийг авах сонирхолтой байгаагаа дурджээ.
"Хэрэв бид Ерөнхийлөгч Трамптай утсаар ярилцвал оросууд америкчуудад юуг санал болгосныг, америкчууд оросуудад юуг санал болгосныг тодорхой мэдэх нь чухал гэж бодож байна" гэж В.Зеленский онцолсон байна.
Д.Трамп, В.Путин нарын утасны яриа 1.5 цаг үргэлжилсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)