Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө” шинээр нээгдлээ.
Мөн түлэнхийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлэх зорилгоор гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд сургалт зохион байгуулав. Хонгконгийн Сэргээн засах нийгэмлэгийн хүндэт зөвлөх Sheila Purvesе, БНХАУ-ын их сургуулийн Хонгконгийн салбар дахь хөдөлмөр засалч, багш Amelia Ying Fan Chan нар сургалтыг удирдан явуулсан байна.
Сургалтад дараах байгууллагууд оролцов
- ГССҮТ-ийн салбар эмнэлгийн хөдөлмөр засалчид
- АШУҮИС-ийн хөдөлмөр заслын багш, төгсөх дамжааны оюутнууд
"Түлэнхийн дараах даралтат хувцас хийх уламжлалт арга технологи" сэдэвт уг сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд:
- Үйлчлүүлэгчээс хэмжилт авах,
- Эсгүүр гаргах,
- Оёх технологид суралцах дадлага ажил хийгджээ.
Энэхүү шинэ өрөө нээгдсэнээр түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний хүртээмж, чанар сайжрах ач холбогдолтой гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.