Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-нд буулгаж дууссан бөгөөд шинээр барих гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байна. Одоогоор шинэ гүүр барих ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шинэ гүүрийн барилгын хүрээнд газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулж, дам нурууг бэлтгэх, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн шал суурийн арматурыг өвөл эхлэн бэлтгэсэн тул уг ажил 100 хувь дуусжээ.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд сүүлийн 57 жилийн хугацаанд засвар шинэчлэлт огт хийгдээгүй юм. 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, нурж болзошгүй гэсэн дүгнэлт гарч, улмаар 2022 оноос шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүр барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн 2023 оны есдүгээр сард баруун гүүрийг шинэчилж ашиглалтад оруулсан билээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс