Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрчээ.
Анх 2022 онд батлагдсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард "Дэлхийн бокс" байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.
Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах бөгөөд тус хорооны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзжээ.
Тэрбээр:
"Дэлхийн боксыг хоёрдугаар сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно” гэж мэдэгджээ.
Боксын олимпын эрхийн асуудал
ОУОХ 2019 онд Олон улсын боксын холбоог (AIBA) засаглал, санхүү, шүүлт, ёс зүйн зөрчилтэй гэх шалтгаанаар эрхийг нь түдгэлзүүлж, өнгөрсөн хоёр олимпын боксын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулсан юм.
2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан "Дэлхийн боксын холбоо" одоогоор 84 гишүүнтэй болжээ. ОУОХ өнгөрсөн сард тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрсөн нь боксын олимпын наадамд эргэн багтах гол шалтгаан болсон байна.
Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст:
"Олимпын боксын хувьд маш чухал үйл явдал. Спортын ирээдүйд нааштай өөрчлөлт авчирна. Олимпын хөдөлгөөний нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Хэрэв бокс Лос Анжелесийн наадмын хөтөлбөрт багтвал бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” гэж онцолжээ.
ОУОХ-ноос зөвхөн "Дэлхийн боксын холбооны" гишүүн үндэсний холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд эрхийн тэмцээнүүдийн тов хараахан зарлагдаагүй байна.
Эх сурвалж: BBC