УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тухайлбал, ирэх сонгуулиар бүрдэх шинэ парламентын гишүүдийн тоотой уялдуулан чуулганы хуралдаанд гишүүдийн үг хэлэх цагийг хязгаарласанд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах заалт орж ирлээ. Тухайн гишүүний сонгогдсон тойрогт гарч буй асуудлыг бүлэг дээр нь мэдэхгүй байх тохиолдол гардаг. Зарим нь үг хэлээд, зарим нь хэлэхгүй байх асуудал яригдаж байна.
Хууль санаачлагчийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Улс төржөөд, цөөнхийг хязгаарлах үүднээс үг хэлэх дэгийг өөр болголоо гэж үзэж болохгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар аливаа асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ерөнхий цагаа тогтооно. Тус цагт багтааж олонх, цөөнх, бусад хүн УИХ-д хэдэн суудал авсан байгаагаас хамаарч цагийг хуваана. Олон суудалтай бол их цаг авна. Энэ бол шударга ёсноос гажсан зүйл биш. Арай цөөхөн суудалтай бол бага цаг авна. Бүлэг дотроо асуудлаа ярина.
Ингэхээр үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг биш. Үг хэлэх байтугай бүлэг байгуулахыг хязгаарладаг үе байсан.