Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улсын хэмжээнд төрийн 4,206 байгууллагад 208,864 албан хаагч ажиллаж байна.
Үүнээс
-
21,135 нь төрийн захиргаанд,
-
4,165 нь улс төрийн албанд,
-
45,899 төрийн тусгай албанд,
-
137,665 төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Мөн төрийн байгууллагын дэргэд ажиллаж буй ёс зүйн зөвлөлийн тоо 2,711 хүрчээ. Энэхүү тооноос харахад Монгол Улс хөдөлмөрийн чадвартай хүмүүст ногдох төрийн албан хаагчдын тоогоороо бусад улстай харьцуулахад нэлээд дээгүүрт орж байгааг хурлын үеэр дурдлаа.
Төрийн албаны тухай хуулийн төсөлд Ч.Ундрам, Ж.Бат-эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан гишүүд орж ажилласан байна.
Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн гаргаж байгаа.
2019 онд Монгол Улсын нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зөвлөлдөх санал асуулгыг улс даяар явуулж байсан. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх аргыг үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, 87.9 хувь нь төрийн албыг мэргэшсэн мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай зэргээр судалгааны дүн гарсан.
Монгол Улсын Их Хурлаас төрийн албаны хуулийг 1995, 2002, 2017 онд шинэчлэн найруулсан. Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тодорхой хэмжээнд цоорхойтой байгаа. Ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал гарахад шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан.
Энэхүү хуулийн төсөл зургаан бүлэг 19 заалттай. Төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчдын ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байгаа. Үүний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг заалтыг тусгана.
Улсын хэмжээнд ёс зүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, хуулиар харьяалуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна. Тус хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх заалтыг тусгаж өгнө" хэмээн ярилаа.
Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Энэхүү хуулийн төслийн хүрээнд “Ёс суртахуун” хэмээх нэр томьёог онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол хүмүүний ёс суртахуунтай шууд холбогдоно. Гэвч ёс суртахуун гэсэн нэр томьёог монгол хэлэнд олон янзаар нэрлэчихсэн байдаг.
Цаашдаа Ёс зүйн хороо буюу ёс зүйн зөвлөлийг хүний муу үздэг байгууллага болгомооргүй байна.
Төрийн албан хаагчид ёс зүйгээ сайн биелүүлж байгаа гэдгээ бусдад үлгэрлэж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Шаардлагатай бол цалин хөлсийг нэмэх зэрэг аргыг ашиглах юм бол төрийн албан хаагчид ёс зүйгээ сахин биелүүлэхэд нөлөөтэй байх. Ерөнхийдөө ёс зүйн асуудал дэлхий нийтийн асуудал болсон. Ёс зүй бол олон шинжлэх ухаанд суурилсан ойлголт" гэлээ.