УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.
Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би асуултдаа хариулт авахгүй байна. Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь захиалгатай юм шиг байна, хоёрт Үндсэн хууль, гуравдугаарт процедур зөрчсөн байна" хэмээн асуулт тавив. Түүний асуултад УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "Цэц бол өөрсдийн тайлбарт Үндсэн хуулийн 64.1-г ярьж байгаа юм. Энэ заалтыг хэлж байгаа юм. Маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцэд бий гэдгийг хэлж байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний ярьж байгаатай адил зүйлийг олон хүн ярьж байна. Манай ажлын хэсэг байнгын хорооны хуралдаанаар ярьж байгаад Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар оруулж ирж байна. Үүгээр цаашдаа ийм жишгийг халах ажлыг хийж байна. Одоо гаргасан тогтоолтой холбоотой асуудлыг бид яалтай билээ. Асуудал ярихад асуудалтай болчихоод байна" хэмээн хариулав.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ж.Мөнхбат аа танд мэдлэг алга, боловсрол алга, хариулт ч алга. Та хэд Сүхбаатарын талбайд үстэй дээл өмсөөд баахан дүвчигнэсний чинь гор ингэж гарч байна. Юмыг битгий ингэж туйлшруулж бай. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад юу ч хариулж чадахгүй. Тэгээд байнгын хорооны дарга царайлаад. Монгол Улсын Үндсэн хуулиар оролдож болохгүй ээ. Ийм жишиг хэрхэвч тогтоож болохгүй. Хамгийн хатуу муу юм хийх гэж байна. Би дахиад хүсэлтээ хэлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа яриад завсарлага аваадхаач. Үндсэн хуулиа, эх орноо ингэж самарч болохгүй. Завсарлага аваад дахиад нэг ярилц" хэмээв.