x

Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток яваад ирлээ. Дорнын эдийн засгийн чуулганд оролцож хөрш орнуудын удирдлагатай уулзжээ. Оросын 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлээр УБТЗ, 3 ба 4-р цахилгаан станцуудыг шинэчлэхээ тохиров. Мөн байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг Оросын Ерөнхийлөгч дэмжиж, Хятадын Ерөнхийлөгч эдийн засгийн талаас нь судлахаа амалжээ.

Байгалийн хий бол үсрэнгүй хөгжиж буй Хятад улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой түлш. Монголын хувьд газар нутаг дээгүүрээ явуулсны төлбөрийн хэсгийг нь хийгээр авч Улаанбаатарын хорт утааны гамшгийг арилгана, үлдсэн хэсгийг нь бэлэн мөнгөөр авч эдийн засагтаа оруулах учир онцгой чухал юм.

Газрын тосны болон байгалийн хийн хоолойг барих, тос хий дамжуулах, хүлээн авах зэрэг нь зүгээр нэг техникийн асуудал биш, олон хүчин зүйлээс хамаардаг гео-политик, эрчим хүчний эдийн засгийн төвөгтэй асуудал. Оросууд Монголыг тойруулаад хийн хоолой барихаар Хятадтай арван жил хэлэлцээр хийж 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан юм. 2018 онд хий нийлүүлж эхлэх байсан нь 2019 оны эцэс хүртэл хойшлогдоод байна.

Хятадын зах зээлийн цойлсон хэрэгцээ

Хятад улс 2017 онд 238 тэрбум шоо метр (куб метр) байгалийн хий хэрэглэсэн нь дэлхийд гуравт буюу АНУ, Оросын дараа орж байна. Нийт хэрэглээний 60 хувийг дотоодоос хангаж, 19 хувийг хөршүүдээсээ хоолойгоор (Туркменистан, Мьянмар), 21 хувийг шингэрүүлсэн (LNG = Liquefied Natural Gas) хэлбэрээр холоос (Австрали 50, Катар 20 хувийг) импортложээ. Хятад шингэрүүлсэн хийн импортоор саяхнаас дэлхийд тэргүүлж эхэллээ.

Байгалийн хий нь 2017 онд Хятадын эрчим хүчний нийт хэрэглээний 7 хувь,  харин 2020 онд 10 хувьд хүрэх ажээ. Хятадын агаарын бохирдолтой зарласан  “дайны” шаардлагаар энэхүү “цэнхэр түлшний” хэрэгцээ жил бүр өссөөр 2020 онд 360 тэрбум шоо метр болно гэж АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн Захиргаа мэдээлжээ. Хятад бүх том хотуудаа хийн хэрэглээнд шилжүүлж, бүх автобус, ачааны машинуудаа LNG хөдөлгүүртэй болгож байгаа учир доод тал нь арав хоногийн нөөцтэй байхыг зорьж байна.

Хятад улсын эрчим хүчний хэрэгцээ, түүний дотор цэнхэр түлшний хэрэгцээ ийнхүү тасралтгүй өсч байна. Байгалийн хийн дотоодын үйлдвэрлэл 2040 он гэхэд гурав дахин өсөх ч, нийт хэрэгцээнийхээ гуравны хоёрыг хийн хоолой болон LNG тээврээр импортлох (US Dep. of Energy) ажээ.

Хятад улс цаашид байгалийн хийн импортоо тасралтгүй нэмэгдүүлэх учраас АНУ-аас авч буй шингэрүүлсэн хийг импортын тарифийн дайн тойрсоор байна.

Оросын байгалийн хийн холын экспорт

Орос улс 2016 оны байдлаар байгалийн хийн баталгаажуулсан нөөцөөрөө (47 их наяд куб метр) дэлхийд тэргүүлдэг. Энэ бол дэлхийн байгалийн хийн нөөцийн дөрөвний нэг нь (IEA тооцоо). Энэхүү нөөцийн 70 хувь нь баруун Сибирьт (Уренгой, Ямбург, Медвежье гэдэг том гурван орд), бусад нь зүүн Сибирь, Сахалинд байдаг.

Байгаль далайгаас зүүн хойш чиглэлд орших Чайандын ордоос зүүн урагш хил дээрх Благовешенск хот руу 2200 км хийн хоолой эхлэж татах, дараа нь энэ орд руу Эрхүүгээс хойно буй Ковыхтын ордоос 800 км хоолой татах “Сибирийн хүч” нэртэй асар том төслийг Газпром эхлүүлсэн. Төслийн эхний хэсэг нь ирэх онд дуусна гэж тус компанийн Удирдлагын хорооны дэд дарга Виталий Маркелов саяхан мэдэгджээ. Өнөөгийн байдлаар 40 км хоолой дутуу байгаа ажээ.

Оросын талаас 55 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, энэ хоолойгоор дамжуулах байгалийн хийг Хятадын тал 30 жилийн турш, нийт 400 тэрбум доллараар худалдаж авах гэрээнд дээр хэлснээр 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан. Үнээ тохиролцох гэж ингэж удсан бөгөөд Европ руу зарж буй үнээс хямдаар буюу мянган шоо метрийг нь 350 доллараас багагүй байхаар, авсан аваагүй төлөх (take-or-pay) нөхцөлтэйгээр тохирчээ. Энэхүү 1.4 метрийн голчтой дан ган хоолойгоор жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулах ажээ.

Монголын хонгил

Хэрэв Ерөнхийлөгч нарын тохирсны дагуу зүүн Сибирийн хамгийн том, 2.5 их наяд шоо метр баталгаажсан нөөцтэй Ковыхтын ордоос урагшаа Иркутск, Улаанбаатар хотоор дамжин Хятадын хил хүртэл 2000 гаруй км хоолой тавих төсөл хэрэгжинэ гэвэл монголын эдийн засагт ямар нөлөөтэйг багцаалан төсөөлж болно.

Монголын нутгаар 1000 км урттай хоолой тавих, арваад шахах станц байгуулах хөрөнгө оруулалт нь “Сибирийн хүч” төслийн тооцоогоор бодоход 1.4 метрийн голчтой, дан хоолойг барихад нэг км (Газпромын 2015 оны мэдээлэл) нь 246 сая рубль буюу 246 тэрбум рубль болно.

Тэгээд дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний нөхцлөөр (100 км тутам нэг мянган шоо метр хийг дамжуулахад 1.09 доллар) бол монгол жилд 3 тэрбум доллар авах болно. Мэдээж энэ төлбөрийг дамжуулсан зай, жингээр нь тооцон олон улсын мэргэжлийн хүмүүстэй хамтран гэрээ байгуулахад өөрчлөгдөх болно.

Сибирээс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази, эсвэл Манжуураас татахаас ч дөт юм.

Мэдээж төслийн эдийн засаг нь газрын тос, байгалийн хийн олон улсын зах зээлээс ихээхэн хамаардаг. Одоогоор жишээ нь, рублийн ханш огцом унаж, Оросын эдийн засагт хүчтэй дарамт болж байна. Крымын хойгийг эзэлснээс хойш Орост үзүүлж буй барууны хориг улам чангарч байна. Хятад Америкийн худалдааны дайн Хятадын эдийн засагт илүүтэйгээр нөлөөлөх төлөвтэй.

Гэхдээ олон улсын байдал ямар ч болсон, Хятадын эрчим хүчний хэрэгцээг, түүний дотор байгалийн хийн хэрэглээг бууруулах боломжгүй, харин ч улам өсгөх хандлагатай байгаа өнөө цагт хийн хоолойг монголын нутгаар татах нь гурван улсын хэн хэнд нь ашигтай. Учир нь байгалийн хийн хоолойн монголыг тойрсон хоёр чиглэл хоёулаа өндөр уулсыг даван, гол хэрэглэгчдээ хүртлээ манайхаар дамжуулан татсанаас хоёр дахин хол, хоёр дахин үнэтэй гарч байна.

Ийнхүү хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна. Ганцхан манай нийтийн засаглал ил тод биш, авлигад баригдаж, гацчихаад байгаа учир байгалийн баялагийн хорлолыг нь хийн хоолойн төсөл улам нэмэгдүүлэх аюул бас бий.

2018.09.19

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2 цаг 44 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2 цаг 47 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2 цаг 51 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2 цаг 53 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 2 цаг 57 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 2 цаг 58 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 2 мин Бирд 3 цаг 5 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 7 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 14 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 23 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 3 цаг 27 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 3 цаг 30 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 3 цаг 35 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 3 цаг 37 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 3 цаг 42 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 3 цаг 46 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 55 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top