Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.