x

С.Эрдэнэ Ардчиллын харанга биш, АН-ын "аранга" билээ

"АН-ын дарга С.Эрдэнийг “хуучин” тамгатай нь хамт хөөх шаардлагатай бус уу"

Улсын баатар Э.Бат-Үүл одоогоос арван жилийн өмнө, 2010 оны есдүгээр сарын 9-нд хувийн цахим хаягаар минь нэгэн захидал илгээж сонинд нийтлүүлж билээ. “Задлаад” унших эрхийг нь өгсөн болохоор уншаад инээхгүй байж чадаагүй сэн. Тэр нийтлэл нь “Манай Зюганов” гарчигтай, төгсгөлийн өгүүлбэр нь “Эрдэнэ “бага овор”-ын Сталин юм ш дээ!” гэж байгаа юм.

Тухайн үед С.Эрдэнэ “Ардчилсан хүчний холбоо” гэгчийг үүсгэн байгуулалцаж Н.Алтанхуяг даргатай Ардчилсан намыг Төрийн ордонд зохион байгуулсан хурлаараа хуваасан талаар уг нийтлэлд шүүмжилсэн байлаа. Харин С.Эрдэнийг эрхэм Зюгановтой зүйрлэсний тухайд бол ОХУ-ын Коммунист намын дарга Зюганов өөрийнхөө удирддаг намыг “хувьчлаад” авчихсан байдгаараа ижил төстэй гэсэн байдаг.

“Нам нь 1990 оноос хойш Орос оронд болсон бүх сонгуульд ялагдсаар байхад Зюганов гуай юу ч болоогүй мэт царайлан намын дарга хэвээрээ л үлдэнэ. Түүгээр ч барахгүй, намын даргынх нь асуудлыг сөхөж зүрхэлсэн гишүүнийг үг дуугүй хөөн зайлуулна. Сонгуульд ялагдсан намын дарга огцордог гэх ардчилсан нийгмийн улс төрийн ёс зүй Зюганов шиг коммунист хүний моральд дэндүү ахадсан ойлголт.

Америкийн Коммунист намын даргын албыг насаараа хашаад намтайгаа хамт үхсэн Гэсс Холл хэмээгч Зюгановт үлгэр дууриал болохуйц нэгэн хүн байсан. Зюганов одоо түүний араас явж байна. Оросын Коммунист нам бол Зюгановын хувийн өмч. Зюганов өтлөхөд энэ нам доройтож байна. 

Удахгүй Зюганов үхэхэд энэ нам мөхөх биз ээ. Коммунистууд сөнөхөд гарлагагүй нь сайхан даа. Эрдэнэ яг л Зюганов шиг аашилж байна” гэхчлэн бичсэн байв. Нээрээ л УИХ-ын 2020 оны сонгуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэчнээн факт баримт байвч ялалтаа бататгахын төлөө ганхийх зориг С.Эрдэнэд байсангүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн боловч тамгандаа хоргодоод болдоггүй ээ. 

С.Эрдэнэ Баянгол дүүргийг бараг л хувьчлаад авчихсан мэт аягладаг байсан бол одоо Ардчилсан намыг хувийнх мэт харамлаж “Тамгыг нь хүчингүй болгож өгөөч” гээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаад “салбаганаж” явна. Тэрбээр сонгуулийн дараа Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэн. 

Гэхдээ Үндсэн дүрмийн хорооноос “Дараагийн АН-ын дарга сонгогдох үед намын даргын тамга, тэмдгээ албан ёсоор шилжүүлж өгснөөр таны эрх, үүрэг дуусгавар болно” гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 3-нд гаргасан. Улс төрийн намын тухай хуулийн 21-т улс төрийн намуудын дотоод хяналтын байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэж заасан байдаг. 

 

"Тэр эрх баригчидтай биш Ардчлсан намын удирдлагуудтай л тэмцэж явсан"

С.Эрдэнэ Ардчилсан намын даргын албан тушаалыг 2017 оны хоёрдугаар сард хүлээн авсан. Үүнээс хойш “УИХ-д есхөн гишүүнтэй байж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг ялуулсан”, “АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын концесс болоод янз бүрийн хууль бус үйл ажиллагааг нь буруутгаж, тэдгээрийг баримтжуулан улс төрийн идэвхтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд үнэмлэхүй олонх бүрдүүлж байсан 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулж чадсан” гэхчлэн ичгүүр сонжуургүйгээр ярьдаг. 

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсэний ойгоор хэвлэлд тэгж ярьсныг нь хараад гайхлаа. Монголын ард түмний нүдэн дээр хэний хүчээр хэнийг огцруулсан тэр түүхэн өдрүүд хөврөөд өнгөрсөн. Түүний дараах хоёр сонгуулийн дараах гутамшигт ялагдлын талаар Ардчилсан намын “Их Дарга” огт дуугарахгүй байгаа юм. Эрх баригч намд бухимдсан бүхэн хамгийн түрүүнд Ардчилсан нам руу хардаг юм. 

Гэтэл ардчиллыг дэмжигчдэд ч, дөрөв дэх засаглалынханд ч хаалгаа нээдэггүй С.Эрдэнэ яах гэж тамга булаалдаад байна вэ? Үнэн хэрэгтээ тэр ардчиллынхны эрх баригчидтай тэмцэл хийж байхад арын эгнээнд л алхаж явдаг. Харин ардчиллынхан Ардчилсан намтай тэмцэл хийхэд л манлайлагчийн дүрээр шүлсээ үсчүүлж явдгийг нь ардчиллыг дэмжигч мянга мянган хүн нотолно. 

Түүний Ардчилсан намыг хагалах, бутаргах, салгах ажлыг гарамгай гүйцэтгэхдээ Д.Дорлигжавтай, М.Энхсайхантай, Да.Ганболдтой, Р.Амаржаргалтай “тэмцэж” гишүүдээс нь хэсэг бусгаар нь тасдан хөөж өрх тусгаарлаж, Ардчилсан намыг хүчгүйдүүлж, коммунист намд ялалтын боломж олгох хорлонт ажиллагааг хийдэг байсан арга одоо ч үргэлжилсээр. С.Эрдэнэ МоАН гэгч нам байгуулж Ардчилсан намтай сонгуульд зэрэгцэн орж Намбарын Энхбаярыг ялуулсан гэж намынхандаа хардагддаг.

Хардах шалтгаан байсан. Энэ нь 2009 оны аравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150.3-аар иргэн С.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах шийдвэр гаргасан явдал юм. Мартаагүй бол яг Да.Ганболдынх шиг “машин шахсан” гэх мэт хэргээр ял тулгагдаж байсан ч тэр өнөөдөр Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарыг өмөөрч хамгаалах чин сэтгэлгүй билээ. 

Тэгэхээр тухайн үед урвуулах адтайгаараа Н.Энхбаярын авьяас голлон нөлөөлсөн байх магадлалтай байсан бол үүнээс цааших, ялангуяа өнөөгийн нөхцөл байдалд бол С.Эрдэнэ өөрөө урвах авьяастай юм уу гэж харагдах боллоо. УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан намынханд ялах боломж байсан.

Ардын намынхны үй олон гэмт хэргийн баримт бараг “гарт нь” байсаар байтал хуруугаа ч хөдөлгөлгүй ялагдал авчирсан түүнд одоо тамга булаалдах эрх бий гэж үү?Цар тахлын үед цахим хурал хийлээ гэж, Намын их хурлыг Ц.Туваан хийлээ гэж бухимдан “Би Ардчилсан намын албан ёсны дарга хэвээрээ” гэж хашхирч, Ардчилсан намын тамгыг хүчингүй болгож шинээр хийлгэх хүсэлт УБЕГ-т гаргасан ичгэвтэр алхам нь С.Эрдэнийг ямархан ардчилагч болохыг нь харуулж байна. 

С.Эрдэнэ хариуцлага хүлээх үү?

“Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын үйл ажиллагаанд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нөлөөлж байгаа байх гэж бодож байна” гэсэн тайлбар хийж буй С.Эрдэнэд харин шүүхтэй холбоотой асуудал цөөнгүй бий. Тиймдээ ч “Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх бол сунгаагүй шууд Их хурлаас нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг Намын хурлаар хэлэлцсэн мэт эвлүүлэг зураг “нисгэсэн”. Намын зарим гишүүн “Ийм заалтыг Намын их хурлаар яриагүй” гэж батлан хэлдэг. 

Энэ ямар гээчийн будилаан хутгав? Хэн “хутгуулав”? Энэ оны хоёрдугаар сард НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас баривчилсан. Түүнийг Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 200 гаруй тэрбум төгрөгийг байршуулсан хэрэгт холбогдуулан баривчилсан боловч буруутан нь тодорхой л байсан шүү дээ. Капитал банкан дахь Нийгмийн даатгалын сангийн мөнгө гуравхан жилийн дотор 31 тэрбумаас 238 тэрбум төгрөг болтлоо өссөн. 

Байршуулсан эзэн нь тэр үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, салбарын сайдаар нь ажиллаж байсан С.Эрдэнэ шүү дээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор баталсан. Үүнд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг үндэслэн НДС-гийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкуудтай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулсан. 

Хүүг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 дугаар тогтоолоор мөнгөн хадгаламжийн жилийн хүү есөн хувь байсныг 15 хувиас багагүй байхаар өөрчлөн тогтоосон. Тийм биз, С.Эрдэнэ ээ? Тэгээд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өссөн үү? Алдчихсан уу? Хэл дээ. 

Хариуцлага хүлээх ёстой биз? Капитал банкан дахь Нийгмийн даатгалын хадгаламж дөрөв дахин өссөн “алтан үеийн” гол шийдвэр гаргагч тэрбээр хууль, шүүхээс ангид өнгөрөх аргагүй шүү. Үүний цаана “тохироо, наймаа” бусармаг бүхэн бий. Үүний дайварт АН-ыг “зарах” эрх С.Эрдэнэд байхгүй.

У. Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 19 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 24 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 30 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 48 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 5 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 58 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 23 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 25 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 26 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 27 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 29 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 31 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 31 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 34 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 34 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 35 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 37 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 38 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top