Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.08/ 14.00 цагт “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Өнгөрөгч наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдыг залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож долоон жилийн хорих ял оногдуулсан билээ. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шүүх шийдвэрлэсэн байдаг.
Харин Б.Эрдэнэбатын эхнэр, шүүгдэгч Д.Сэргэлэнг "гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна" хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Хэргийг дахин сануулахад, Д.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан "Ариг" банкны хувьцаа эзэмшигчдийн нэг, “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан, Б.Эрдэнэбатыг эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилсан талаарх гомдлыг 2019 онд анх гаргажээ.