Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долдугаар сараас хариуцан хэрэгжүүлж байна.
Төлөвлөлтийн дагуу энэ оны 10-12 дугаар сард багтаан барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулах ёстой. Тэгвэл EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 3-нд зарлах юм байна.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх бөгөөд нэг тэрбум 350 сая ам.долларын өртгөөр 17.7 километр метроны замыг барих боломжтой гэж тооцоолжээ.
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод метро барих ажлын гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээний олон улсын тендер зарлах, хэрэгжилтийг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Засаг Х.Нямбаатарт өгсөн бөгөөд 2028 он гэхэд Улаанбаатарчууд метрогоор зорчих ёстой.
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2012 онд Хотын дарга Э.Бат-Үүл Японы ЖАЙКА байгууллагаар Улаанбаатар хотын метроны ТЭЗҮ-ийг хийлгэж, 2017 онд ашиглалтад оруулахаар амлаж байлаа. Гэвч тухайн үед "Улаанбаатар шиг цөөн хүн амтай жижиг хотод метро явуулах шаардлага" хэмээн эсэргүүцэж, гацааж, түгжиж байсан МАН-ын дарга нар 12 жилийн дараа "метроноос өр гарц үгүй" гэдгийг хүлээн зөвшөөрч, анх төлөвлөснөөс 11 жилийн дараа Улаанбаатарчууд метрогоор "хөл дүүжлэх" тухай амлалт өглөө.