Улаанбаатар хотод орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын 146 цахилгаан шатыг одоогоор шинэчлээд байна.
Нийслэлд 7700 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 130, шаардлага хангаагүй 40 буюу хуучны орон сууцны барилгын 170 цахилгаан шатыг шинэчлэхээр төлөвлөжээ. 2020 оноос өмнө улс, нийслэлийн төсвийг бүрэн шийдээгүйгээс цахилгаан шатыг шинэчилж чаддагүй байсан бол өнгөрсөн 4 жилд уг ажлыг эрчимжүүлж эхлээд байна. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ цахилгаан шаттай болжээ.
Цахилгаан шат нь эрсдэлтэй байгууламжид хамаардаг учир ашиглагч байгууллага жил бүр техникийн үзлэг хийж, хэвийн байдлыг тогтмол шалгах, мэргэжлийн байгууллагаар магадлал гаргах зэрэг болзлыг хангавал урт хугацаанд ашиглахаас гадна болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улс, орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг аж.