Улаанбаатар хотын төвийн гурван байршилд явган хүний гарц дээр газрын лед гэрлэн дохио суурилуулаад байгаа. Уг гэрлэн дохиог БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Худалдан Авах Ажиллагааны Газар, "Сонг Пунг Суллед" ХК-ийн дэмжлэгээр хэрэгжүүлжээ. Солонгосын мэргэжилтнүүд өөрсдөө ирж, гэрлэн дохиог суурилуулсан байна.
Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан аж.
Мөн зам хөндлөн гарах үед босоо гэрлэн дохиог автобус хаагаад зогсчихвол харагддаггүй. Энэ тохиолдолд газрын гэрлэн дохионы улаан өнгө асчихсан байвал хүн урагшаа явдаггүй гээд олон талын ашигтай.
Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг үед бага насны хүүхдүүд гарцан дээр аваар осолд өртдөг. Үүнийг бууруулахад чиглэсэн шинэ бөгөөд ухаалаг шийдэл болохыг албаны эх сурвалж онцолжээ.
Явган замын босоо гэрлэн дохиотой шинээр суурилуулсан газрын лед гэрлэн дохиог холбосон учир босоо гэрлэн дохиотой адил өнгөөр асна. Уг гэрлэн дохиог нийслэлийн өөр байршилд дахиж суурилуулахгүй, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн жишиг төсөл юм байна. Газрын лед гэрлэн дохиог суурилуулахад Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер, техникийн ажилтнууд мөн оролцсон байна.
БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй буцалтгүй тусламжийн туршилтын төслийн ерөнхий зохицуулагч Г.Ундрам:
-"Газрын ухаалаг гэрлэн дохиог ашиглалтад оруулснаас хойш зургаан сарын хугацаанд аваар ослыг бууруулж буй эсэх болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судална. Газрын лед гэрлэн дохиог нийлүүлсэн БНСУ-ын "Сонг Пунг Суллед" ХК нь 2017 онд чанарын баталгааг эзэмшсэн, албан ёсны үйлдвэрлэгч юм.
Нийслэл хотод явган хүн их явдаг байршилд ухаалаг гэрлэн дохиог суурилуулах санал тавьж, Монголын талаас Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад Хэргийн Яамны уулзварын байршлыг тодорхойлж өгсөн. Төслийг монгол талаас Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцаж байна.
Газрын гэрлэн дохио нь -40 градусын хүйтэнд тэсвэртэй, хагарахгүй. Нэг тоннын даацтай учир скүүтэртэй хүн зорчиход эвдэрч, гэмтэхгүй. Нэг жилийн баталгаа өгч байгаа, хэрэв гэрэл нь хагарвал Замын Хөгжлийн Газрын мэргэжилтнүүд засвар үйлчилгээг хариуцна. БНСУ-ын мэргэжилтнүүд гэрлэн дохиог суурилуулж байх хугацаандаа монгол талын мэргэжилтнүүдэд давхар сургалт зохион байгуулсан .
БНСУ-д уг гэрлэн дохиог суурилуулснаар 4-5 жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 гаруй хувиар буурсан судалгаа бий.
Уг төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 100 сая воннын тусламж өгсөн, энэ зөвхөн бүтээгдэхүүний төлбөр. Гэрлэн дохиог үйлдвэрлэгч компанийн зүгээс ажилчдын хөлс, гаалийн татварт 400 сая воннын зардал гаргасан. Төсөл хэрэгжүүлсэн нийт өртөг 700 сая орчим төгрөг болсон" гэв.
Мөн нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсээс уг гэрлэн дохиог авч, суурилуулах санал гаргасан байна.