УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламентад улс төрийн таван намын төлөөлөл сууж байна. Эндээс МАН олонх болж АН, ХҮН намтай эвсэн Засгийн газраа байгуулсан. Нэгэнт Засагт орсон намууд тус тусын мөрийн хөтөлбөрөөсөө ажил хэрэг болгох, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх сонирхолтой. Аль нам ямар амлалтаа хөтөлбөрт оруулах “марафон” саяхан болж УИХ-аар батлуулж амжлаа.
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс анхаарал татсан нэг асуудал яах аргагүй татварын тухай юм. Учир нь татварын асуудал бол нийт монголчуудын асуудал. Иргэн хүн цалингийнхаа 40 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд суутгуулдаг. Нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд татвар шимтгэлээ суутгаад иргэний гар дээр 600 мянган төгрөг ирдэг. Аж ахуйн нэгжийн татвар бүр ч өндөр. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдаа арилжаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх бүгд л тус тусын татвар, төлбөрүүдтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад 30 гаруй төрлийн татвар, төлбөр хүчин төгөлдөр үйлчилж байдаг. Хамгийн гол нь татварын хувь хэмжээ маш өндөр явж ирсэн нь олон нийтийн хатуу шүүмжлэлийг дагуулдаг.
Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрт татварын тухай амлалтууд олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Өмнө нь бол намын мөрийн хөтөлбөр гэж хэн ч тоож уншдаггүй, хий хоосон жагсаалтууд байсан гэхэд буруудахгүй. Харин энэ удаа бол өөр. Тиймээс хамтарсан Засгийн газарт орж ирсэн намууд татварыг бууруулах тухайд ямар амлалт өгч байсныг эргэн саная.
МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө “…Орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн бол АН “Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ” гэжээ. ХҮН “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг бууруулж, санхүү үйл ажиллагааны чадавхийг нь бэхжүүлнэ” гэсэн байдаг.
Татвар бууруулахаас гадна шаталсан бодлого хэрэгжүүлэх тухай ч намууд амлаж байлаа. МАН “Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ. Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэхэд ХҮН “ААНОАТ-ын шатлалын босго дүнг зургаан тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтлана” гэсэн билээ.
Харин НДШ бууруулах тухайд МАН “НДШ-ийн хоёр хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, цаашид хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ” гэхэд АН “Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэдийн НДШ-ийн тасалдлыг нөхөн төлөх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. НДШ-ийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутгах тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээнд НДШ ногдуулахгүй. Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж татварын системд тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно” гэчихсэн. ХҮН-ын хувьд “НДШ-ийг тооцох аргачлалыг эргэн харж, иргэдийн ажил эрхлэх идэвх сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна” гэсэн нь мөрийн хөтөлбөрт нь бий.
Тэгвэл УИХ-аар батлуулсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт татварын тухай дээрх амлалтууд хэрхэн туссан нь сонирхолтой. Бүгд биш юм аа гэхэд аль нэгийнх нь гол амлалт ажил хэрэг болчихвол татвараар дарамтлуулж байгаа иргэн, ААН-д маш дэмтэй. Бүр сайнаар бодож, нэг бус нэлээд хэдэн бодлого хэрэгжиж чадвал ААН-үүд өндийгөөд л ирнэ. Иргэд халаасандаа илүү хэдэн төгрөгтэй үлдэж, амьдралын чанартаа анхаарах боломж гарна. Өөдрөгөөр бодоход нийгмийн дундаж давхарга өндийх гарц татварын ээлтэй бодлого, ажлын байр гэдгийг эдийн засагчид хэлдэг.
Харамсалтай нь ирэх дөрвөн жил Монгол Улсад татварын ээлтэй бодлого хэрэгжихгүй нь. АН, ХҮН-ых биш юм аа гэхэд олонх болсон МАН-ын татвар бууруулах амлалтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй байна. Сангийн сайд Б.Жавхлан саяхан нэг ярихдаа “…боловсруулах чиглэлийн дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ. Өнөөдрийг хүртэл аль нэг салбараар нь ялгаж авч үзэж, тоног төхөөрөмж болон татварын дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бол ирэх жилээс салбар хамаарахгүйгээр боловсруулах чиглэлийн дараагийн шатны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ. Зөөлөн дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжинэ. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг сэргээх, ногоон байгууламж, соёл, спортын барилга байгууламж барьж, төрийн ачааллыг бууруулах бол гаргасан зардлыг нь татвараас бүрэн чөлөөлнө. Нийт борлуулалтынх нь нэг хувиар хязгаарлахаар болсон” гэснээс харвал ирэх жилүүдэд татварын бодлого нэрээр ганц нэг салбарыг сугалан авч дэмжлэг үзүүлсэн төдий өнгөрөх бололтой. Гэтэл татварын ачаалал, дарамт ганц нэг салбарт биш нийтээрээ байгаа. Ерөөсөө ажлын байр бий болгож, хэн нэгэнд бараа үйлчилгээ үзүүлж байгаа хүн бүр, ААН бүрт татвар хамаатай. Үүнийг эрх баригчид, Засгийн газарт орж ирсэн намууд хэнээс ч илүү мэднэ. Бусад ндш, нөат-ын буцаалт, эмд- төлөлт, ААНОАТ, ХХОАТ огт яригдаж, мөрийн хөтөлбөрт тусгагдсангүй. Нийт татварын хэмжээ 40 хувь байгааг бууруулах талаар ямар ч бодлого байхгүй байна.
Ард түмэн татварын дарамтнаас гарах гэж л АН, ХҮН санал өгсөн. Яагаад энэ тухай ярихгүй байна вэ, эдгээр намын удирдлага. 40 хувийн татварыг ядахдаа 30 хувь болох байх гэсэндээ л АН-д санал өгсөн гэдгийг Лу.Гантөмөр дарга сайн мэдэж байгаа.
Төрд орсны дараа мартаж орхидог, зарим нь ганц нэг ажилласан болоод л төсвийн мөнгийг тарамдаж, дараагийн сонгуультайгаа золгодог. Ийм л жишиг манайд байж ирсэн. Нэг ёсондоо улс төрийн соёлгүй, ёс зүй, ёс суртахуунгүй байдлын хамгийн том жишээ бол намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байдаг. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар олон нийт татвартай холбоотойгоор мөрийн хөтөлбөрүүдэд нэлээн сайн анхаарсан, хэрсүүжсэн, нэхдэг болсон. Тиймээс татварыг бууруулах бодлого нийтээр нь хэрэгжиж байж л сонгогчид эргэнэ. Хамтарсан Засгийн газар татварыг яаж бууруулах талаараа сонгогч олондоо даруйхан тайлбар тайлангаа тавихыг ард түмэн шаардах ёстой. Татварын дарамтыг хэвээр нь байлгахыг хүссэн бол МАН-ыг л сонгоод гаргаад ирэх байсан биз. Үүнийг бууруулах гэж л сөрөг хүчнүүдийг гаргаж ирсэн билээ.
Өдрийн сонин