Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан:
-“Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэд манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэсэн.
Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой.
Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэв.
Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барих юм байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС