Сүүлийн үед бөхийн том барилдаан их болж байна. Бөхийн шагнал өндөр болж байна.
Саяхан “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж, түрүү бөхөд 15 сая төгрөг өглөө. Ерөөсөө л түрүү бөхдөө 20-30 сая төгрөг өгдөг болж байна. Энэ нь хоёр талтай байна.
Нэг талаараа монгол үндэсний бөх, монгол уламжлал, монгол төрийн наадам, монгол соёл, монголоороо бахархах гэдэг утгаараа монгол бөх байх ёстой. Монгол хүн монголоороо үлдэхийн үндэс нь монгол бөх бол үүндээ хөрөнгө мөнгө зарах нь зөв. Гэхдээ хөгжил цэцэглэлтийнхээ ид гараан дээр байгаа улс оронд үндэсний уламжлал гэдэг ойлголт хэрэггүй.
Үндсэндээ Монгол орны хөгжил дэвшлийг бөх гэдэг ойлголт доош нь татахаас дээш нь татахгүйг бид бүхэн мэдэж байна. Сүүлийн үед бүгдээрээ л бөх болох тухай бодож байна. Бөх хүн хэзээ ч баялаг бүтээдэггүй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсыг аж үйлдвэртэй болгож, энэ хэдэн үйлдвэр камбинатыг бий болгосон Паавангийн Дамдин гуай “Х.Баянмөнх бол Монголын аугаа суут их аварга мөн. Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг мандуулж явсан байх. Гэхдээ Х.Баянмөнх бол Монгол Улсын хөгжилд ямар ч нэмэр болоогүй хүн” гэж хэлж байсан.
Тэрэн шиг монгол бөх Монгол Улсын хөгжилд огт нэмэр болоогүй. Өнөөдөр монголчууд байгаа бүхнээ бөхдөө барьж байна. Үүнийгээ боль.
Саяхан Баянхонгор аймагт “НАЙЗУУД АЛТАН ЦОМ” өсвөрийн бөхчүүдийн халз барилдаан боллоо. Тэр барилдаанд Монгол Улсын Дархан аварга Агваансамдангийн Сүхбат очсон. Тэгэхэд тэр нутгийн бүх хүн бөх болох тухай сэтгэгдэлтэй үлдэж байна. Тэнд инженер, химич, физикч болъё гэсэн сурагч байхгүй. Бөх болох юм бол аугаа юм байна, гоё юм байна, жиптэй болж, сайхан амьдрах юм байна гэсэн бодолтой болсон байна.
Энэ бол Монгол Улсын мөхөл болоод байна. Бөх Монгол Улсыг хөгжүүлдэггүй, инженерүүд хөгжүүлдэг юм. Физик, хими, математикийн шинжлэх ухааны эрдэмтдээ дэмжье. Бөхөө бүх нийтээрээ дэмжиж, бөхдөө хамаг байдгаа өгдгөө больё. Хэрээс хэтэрлээ.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (2)