Оросын болон Америкийн эрх баригчид 2025 оны дөрөвдүгээр сарын эхээр Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотноо хоригдол солилцсон талаар “The Wall Street Journal” сонин АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклиффийн мэдээллээс эш татан мэдээлжээ.
Хоригдол солилцооны хүрээнд Оросын тал АНУ-ын иргэн, давхар иргэншилтэй Ксения Карелинаг сулласан бол Америкийн тал ОХУ-ын иргэн Артур Петровыг чөлөөлсөн байна. К.Карелинаг 2024 оны наймдугаар сард Оросын шүүхээс эх орноосоо урвасан хэргээр 12 жил хорих ял оноосон юм. Түүнийг Украины Зэвсэгт хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, мөн Украиныг дэмжсэн жагсаалд оролцсон гэх үндэслэлээр буруутгасан. ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас түүний гар утаснаас “Razom for Ukraine” сан руу 51.8 ам.доллар шилжүүлсэн баримтыг олсон гэж мэдээлсэн байдаг.
Харин АНУ-ын тал Карелинаг буруутгаж буйг "хилс хэрэг" хэмээн үзэж, суллуулахын төлөө Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн хөөцөлдсөн хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ. Тэрбээр “Карелина гэртээ харих замдаа явж байна. АНУ иргэдээ хамгаалахад үргэлж анхаарсаар байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Нөгөө талд, Орос, Герман улсын давхар иргэншилтэй Артур Петровыг 2023 онд Кипрт баривчилж, 2024 оны наймдугаар сард АНУ-д шилжүүлжээ. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин, Оросын батлан хамгаалахын салбарт зориулан электрон төхөөрөмж хууль бусаар нийлүүлсэн хэрэгт буруутгасан байна. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сарын хооронд гуравдагч оронд бүртгэлтэй хуурамч компаниудын тусламжтайгаар өндөр технологийн тоног төхөөрөмжийг "Электроком ВПК" компанид хүргэсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.
Энэхүү хоригдол солилцоо нь хоёр талын гадаад харилцаанд тодорхой хэмжээний уян хатан байдлыг харуулж байгаа бөгөөд цаашид ижил төстэй хэлэлцээрүүд үргэлжилж болзошгүйг зарим эх сурвалж онцолж байна.
Эх сурвалж: DW, The Wall Street Journal
Сэтгэгдэл (1)