Боловсролын яамнаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад буддын шашны дацан, хийдэд шавилан сурч буй хүүхэд, залуусын боловсролын байдалд тандалт судалгаа хийж, тэднийг ерөнхий боловсролын болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна.
Одоогоор Энэтхэгийн 14 дацан, хийдэд нийт 407 ламхай суралцаж байгаа бөгөөд тэдний сурч боловсрох эрхийг хангах зорилгоор боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулах боломжийг судалжээ. Тус хөтөлбөрийг дацан хийдийн сургалтын цагийн хуваарьтай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнээс гадна эдгээр хүүхэд, залуус монгол хэл, бичиг, соёлын хөтөлбөрт хамрагдаж, улмаар Энэтхэгт эзэмшсэн мэдлэг боловсролоо Монгол Улсын боловсролын тогтолцоонд дүйцүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ нь тэднийг эх орондоо үргэлжлүүлэн суралцах, цаашдын боловсролын шат руу шилжих боломжийг нээж өгнө гэж Боловсролын яам мэдээллээ.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Сэтгэгдэл (1)