Сербийн Врньачка хотод болсон сурагчдын ДАШТ-нд амжилттай оролцсон шатарчдыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тэргүүтэй удирдлагууд Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд манай улсын шатарчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирсэн. Дэд мастер Б.Буянхишиг, Г.Нандинжигүүр нар алт, Ш.Уранзаяа мөнгө, Д.Мөнх-Аялгуу хүрэл медаль хүртсэн юм.
Энэ үеэр МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Дэлхийн тавцанд онцлох амжилт гаргасан өсвөрийн шатарчид болон тэдгээрийн амжилтын нууц жор болсон багш, дасгалжуулагч нарт чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилт гаргаж буй шатарчдыг урамшуулах журамтай. Тамирчдын амжилтад оюуны спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллагын оролцоо маш чухал юм. Өсвөрийн шатарчид маань монгол хүүхдийн саруул ухааныг дэлхийд гайхуулсан бахдам явдал боллоо” хэмээн онцолжээ.
Уулзалтын үеэр МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар амжилт гаргасан өсвөрийн шатарчдын дараагийн олон улсын тэмцээний бүртгэлийн хураамжаас чөлөөлснийг дуулгасан бол шатрын спортыг дэмжигч С.Энхболд өсвөрийн шатарчдад мөнгөн урамшуулал гардуулжээ.