Геодези, усны барилга, баригдсан байгууламжийн газар (ГУББГ)-аас Хан-Уул дүүргийн Яармаг орчмын Дунд гол дагуу үерийн хамгаалалтын шинэ далан барих болон хуучин байгууламжийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 40 метр өргөнтэй гүүрийг буулгаж, түүний оронд 180 метрийн шинэ далан барьж, 100 метрийг нөхөн сэргээж байгаа юм.
ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржийн хэлснээр, өмнө нь тус байршилд гурван бетонон хоолойгоор Дунд голын усыг дамжуулж, голын голдирлыг өөрчилсөн нь “Алтай хотхон” болон голын хоёр талаар орших бүсийн үерийн эрсдлийг нэмэгдүүлж байжээ. Тиймээс тус байгууллага 14 хоногийн дотор гүүрийг буулгаж, далангийн хавтанг суурилуулах, шүд болон хавтан хоорондын заадас цутгах ажлыг эхлүүлсэн байна.
Нэмэлтээр, өвлийн халиа тошингийн үед ГУББГ-аас цас, мөсийг тээвэрлэн зайлуулж, гүүрэн байгууламжийн гарц, ус нэвтрэх чадамжийг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар албаныхан онцолжээ.
Эх сурвалж: ГУББГ, Нийслэлийн Хот байгуулалтын мэдээллийн сан