Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажлын явц, төсвийн зардал, салбар хороодын бүрэлдэхүүн зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах хариуцлагатай үүргийг энэ жил Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар хүлээн авсан бөгөөд тэрээр өмнө нь ч үндэсний хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай найруулж байсан туршлагатай уран бүтээлч юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин наадмын нээлт нь монголчуудын эв нэгдэл, түүх, өв уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах хамгийн том энтертайнмент үйл ажиллагаа гэдгийг онцлон, энэ жилийн нээлт, хаалтыг бүх үзэгчдэд хүртээмжтэй, 360 градусын тайзны зохион байгуулалттай байхаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн жуулчдад зориулсан оройн нэмэлт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, ССАЖЯ