2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын үдээс хойших нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд болон Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох дүгнэлтүүдийг сонсов.
Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн дагуу хуулийн 41.9 болон 44.6 дахь заалтыг өөрчлөх шаардлага үүссэн болохыг тэмдэглэсэн. Тус дүгнэлтээр гишүүд сонгогчдодоо хийсэн ажлын тайлан тараах, уулзалт хийх нь бусад иргэдтэй харьцуулахад давуу байдал үүсгэж буй тул Үндсэн хуулийн тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна гэж үзжээ.
Ажлын хэсэг 41.9 дэх хэсгийг бүрмөсөн хүчингүй болгож, 44.6 дахь хэсгийг нэр дэвших ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн уулзалт, тайлан танилцуулгыг “аливаа этгээд”-д нээлттэй байхаар өөрчилсөн байна. Мөн сонгуулийн жилийн эхнээс санал авах өдрийг хүртэл тайланг хэвлэн тараахыг эд зүйл тараахтай адилтган хориглосон ч цахим тайланд хамаарахгүй гэж тусгасан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс “аливаа этгээд” гэх томьёоллын агуулга, сурталчилгааны хугацааны бодит агуулга, тэгш боломж хэр хангагдах зэрэгт анхаарал хандуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын саналыг олонхийн дэмжлэгтэйгээр баталжээ.
Хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг мөн хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан ба Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар дүгнэлтээр шүүгчийн тэтгэвэрт гарах насны зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэнтэй холбоотойгоор хуулийн 47.6, 47.7 дахь хэсгийг хөндөж, “60” насны заалтыг хасч, тэтгэвэр тогтоохтой холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Төслийн хэлэлцүүлгийн үеэр шүүгчийн тэтгэвэрт гарах нас, төрийн албаны хуультай нийцүүлэх шаардлага, шүүхийн хараат бус байдал, хууль хоорондын зөрчил зэрэг асуудлуудыг гишүүд хөндөж, байр сууриа илэрхийлсэн ч зарчмын зөрүүтэй санал гараагүй тул мөн эцэслэн батлах шат руу шилжүүлэхээр тогтжээ.
Дээрх хоёр хуулийн төслийн санал хураалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны чуулганы хуралдаанаар явуулахаар тогтсон байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар