Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Монголд анх удаа “паппет кино” төрлөөр бүтээсэн “Пөөдөө” уран сайхны киногоо маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсоор нээх гэж байна.
Энэхүү бүтээл нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, ёс суртахуун, гоо зүйн зөв хүмүүжил төлөвшүүлэхийн зэрэгцээ мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт өгөх зорилготой. “Пөөдөө” кино нь Ази тивийн хэмжээнд хоёр дахь, харин Монгол Улсад анхны “паппет кино” болж байгаагаараа онцлог. Уг төрлийн кино нь биет хүүхэлдэйнүүдийг амьд мэт хөдөлгөж, жүжиглэлт болон компьютер графикийн хослолоор бүтдэг маш нарийн ур чадвар шаардсан урлагийн төрөл юм.
Киноны ерөнхий найруулагчаар ажилласан О.Батзоригийн хэлснээр, уг киног бүтээхэд нийтдээ дөрвөн жил гаруй хугацаа зарцуулсан бөгөөд 250 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр шингэжээ. Бэлтгэл ажил найман сар, зураг авалт 44 хоног, харин компьютер график бүтээх ажилд хоёр жил гаруй хугацаа орсон байна. Дэлхийн хэмжээнд зөвхөн 30 гаруй улс “паппет кино” бүтээж байсан туршлагатай бөгөөд Монголын хувьд энэ нь анхны алхам болж байна.
Мансууруулах бодисын хэрэглээ өсвөр үеийнхэнд нэмэгдэж байгаатай холбогдуулан “Пөөдөө” кино сэтгэл зүйн хувьд ойлгомжтой, эерэг нөлөө үзүүлэх агуулгатайгаар бүтсэн. 2019 онд 15-17 насны хүүхдүүдийн дунд мансууруулах бодисын хэрэглээ 3.5 хувь байсан бол 2021 онд 5.2 хувьд хүрсэн нь энэ асуудал улам бүр залуужиж, нийгмийн анхаарал татах хэмжээнд хүрснийг харуулж байна. Тиймээс уг киногоор дамжуулан хүүхэд багачуудыг эрсдэлээс хамгаалах, соён гэгээрүүлэх зорилго тавьжээ.
Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монгол Улсад хүүхэлдэйн урлагийн цорын ганц мэргэжлийн байгууллага юм. Энэ удаагийн “Пөөдөө” кино нь тус байгууллагын шинэ эрин үеийн уран бүтээлийн тод илэрхийлэл болж байна.
Эх сурвалж: НИТХ, Улсын Хүүхэлдэйн Театр