2024 оны нэгдүгээр сард нураасан “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын суурин дээр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил есдүгээр сард эхэлж, өнөөдөр барилгын ажил ид үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт хоёр хэсэгт хуваан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард, үйлчилгээний барилгыг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Бодь Пропертийз” компанийн ахлах инженер Д.Пүрэв-Очирын хэлснээр, төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусах шатандаа орсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн дээр тохижилт бүхий авто зогсоол багтах юм. Харин B1 давхартайгаа нийлсэн гурван давхар үйлчилгээний барилга нь есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэй байна.
Зураг төслийг гүйцэтгэсэн “Интеллект Тауэр” компанийн архитектор С.Батзоригийн тайлбарласнаар, иргэд ая тухтай амрах боломжтой ногоон байгууламж бүхий хүрээлэн, нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэрэг олон нийтийн зориулалттай орон зайг цогцоор нь төлөвлөсөн. Мөн Урт цагааны хуучин барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулан түрээсийн талбай шийдэж өгсөн байна.
Төслийн гол онцлог нь нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн барилгын суурин дээр шинэ төлөвлөлт хийгдэж буй явдал бөгөөд түүх, соёлын өвийн залгамж чанарыг хадгалах зорилгоор ач холбогдол өгч ажиллаж байгаа аж.
Тохижилтын хүрээнд:
-
Дугуйн болон явган хүний зам
-
Усан оргилуур, усан толио
-
Задгай театр зэрэг бүтээн байгуулалтууд багтаж буй бөгөөд нийслэлийн төвд иргэдэд зориулсан шинэ амралт, үйлчилгээний цогц орчин бүрдэх гэж байна.
Эх сурвалж: Бодь Пропертийз, Интеллект Тауэр, НЗДТГ