АНУ-ын Трампын засаг захиргааны албаны хүмүүсийн хүлээн зөвшөөрснөөр алдаатайгаар АНУ-ын Мэрилэнд мужаас гаргасан иргэнтэй тус мужийн сенатор Крис Ван Холлен Сальвадорт уулзжээ. Хууль бусаар гаргагдсан хэмээн холбооны шүүх шийдвэрлэсэн ч, АНУ-ын засаг захиргаа түүнийг буцаан оруулахаас татгалзаж буй юм.
Сенатор Ван Холлен уг уулзалтынхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, “энэ айлчлалын гол зорилго бол Килмар Абрего Гарсиатай уулзах байсан. Өнөө орой тэр боломж гарлаа” хэмээн бичсэн байна. Тэр мөн Гарсиагийн эхнэр Женнифертэй утсаар ярьж, нөхрийнх нь мэндчилгээ, сэтгэлийн үгийг дамжуулжээ.
Сенаторын энэ алхмын дараа Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле мэдэгдэл гаргаж, Гарсиаг суллахгүй, улсын хяналтад байлгана гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Букеле сошиал сүлжээнд уулзалтын зургийг нийтэлж, “энэ хүн үхлийн хуаран, тамын тарчилгаанаас гайхамшигтайгаар амьд үлдэж, одоо Сальвадорын дулаахан диваажинд нэр төртэйгөөр үлдэнэ” хэмээн ёжилсон өнгө аястай бичжээ.
Цагаан ордон ноён Абрего Гарсиаг олон улсын террорист байгууллага гэгддэг MS-13 бүлэглэлийн гишүүн хэмээн буруутгаж байгаа ч, түүний өмгөөлөгч энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж байна.
Хууль ёсоор Мэрилэнд мужид амьдарч байсан ноён Абрего Гарсиа нь 3-р сарын 15-нд Сальвадор болон Венесуэлийн иргэдийн хамтаар Сальвадорын хамгийн өндөр хамгаалалттай “Терроризмыг хорих төв” (CECOT)-д хүргэгдсэн байна. Холбооны шүүгч Паула Ксинис уг гаргалтыг 2019 оны түүнд олгосон хууль ёсны хамгаалалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт доод шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн дэмжиж, АНУ-ын засаг захиргаа Абрего Гарсиаг суллахад дэмжлэг үзүүлэх ёстой гэж тогтоосон. Гэвч Цагаан ордон уг гаргалтыг “захиргааны алдаа” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэвлэлийн бага хурал дээр “Тэр хүн дахин хэзээ ч АНУ-д амьдрахгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд түүнтэй хамт хэвлэлийн хурлын индэр дээр 2023 онд Сальвадороос ирсэн сэжигтнээр амиа алдсан эмэгтэй Рейчел Мориний ээж байлцсан байна.
Энэхүү хэрэг нь Ерөнхийлөгч болон шүүх засаглалын хоорондох цагаачлалтай холбоотой маргааныг улам хурцатгаж байна. Өөр нэг хэрэг дээр холбооны шүүгч АНУ-ын засаг захиргааг шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэх боломжтой хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC News