Оросын алдарт дуучин Алсу Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулах гэж байна.
“Аса арена”-д тавдугаар сарын 17-нд болох энэхүү тоглолтод тэрбээр амьд хөгжмийн хамтлагтайгаа ирэхээс гадна Монгол Улсын симфони оркестртой хамтран уран бүтээлээ хүргэнэ. “Өвлийн дуу”, “Заримдаа” зэрэг хит дуугаараа монголчуудад танил болсон түүний хувьд манай улсад хоёр дахь удаагаа тоглолтоо хийхээр ирэх гэж байгаа нь энэ. Тэрбээр өмнө нь 2002 оны наймдугаар сард Монголд анх тоглолт хийж байсан. Тэгвэл үүнээс хойш 23 жилийн дараа Монголд дахин ирэхдээ дан эмэгтэйчүүдээс бүрдсэн өөрийн амьд хөгжмийн хамтлаг болон оркестртой тоглох аж.
Өдгөө 42 настай Алсу өмнө нь манай улсад ирэхдээ татар цустайгаа зарлаж байсан юм. Алсу буюу Улаахан ус нэртэй тэрбээр Оросын тэрбумтан, нефть олборлогч “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан Р.Сафины охин билээ. ОХУ-ын Татарстаны Бугульма тосгонд төрсөн түүнийг ОХУ-ын гавьяат жүжигчин, Татарстаны ардын жүжигчин, Башкортостаны ардын жүжигчин цолоор шагнасан байдаг. Түүний хувьд 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон байна.
1999 онд Алсу өөрийн анхны “Алсу” нэртэй цомгоо гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа алдартай болсон. Харин 2000 онд “Евровидение” дууны тэмцээнд Оросыг төлөөлж, “Соло” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байв. Тэгвэл хамгийн сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ гаргажээ.
Түүний тоглолтын тасалбар portal.mn сайтаар 99900-499900 төгрөгөөр худалдаанд гарчээ.