Орос хэлний XXVIII улсын олимпиадын гуравдугаар шат өчигдөр эхэлсэн. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 66 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 75 сурагч, багшийн төрөлд 58, нийт 199 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Олимпиад 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол улсын аварга багш, сурагчид тодорно.
Энэ жилийн олимпиадын гол онцлог нь 12 дугаар ангийн ялагч 6 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын зардлаар ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах аж. Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, “Орос хэлний улсын олимпиад зохион байгуулах олимпиадын дэд хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй Орос хэлний улсын олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийж байна.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдоор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал профессор Н.Мягмарцоож, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч профессор Ц.Магсар, Боловсролын Ерөнхий Газрын Суралцагчийн үнэлгээний хэлтсийн дарга Г.Гүррагчаа нар оролцон багш, сурагчдад амжилт хүсэв.