Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авч, төв болон орон нутгийн аврах анги, хэлтсүүдээс алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх буюу 129 нь объектын гал түймэр байсан бол есөн удаагийн дуудлага ой, хээрийн түймэртэй холбоотой байжээ. Мөн нэг удаагийн газар хөдлөлт, нэг удаагийн шар усны үер, 12 удаагийн хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг биологийн гаралтай аюулт үзэгдэл бүртгэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул иргэдийг ил задгай гал гаргахгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй, галын аюулгүй байдлыг чанд сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар