Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болж өнгөрлөө. Хуралдаанд Монголын талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Оросын талаас Дотоод хэргийн дэд сайд Игорь Зубов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хуралдааны үеэр хууль бус зэвсэг, галт хэрэгслийн эргэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мэдээллийн технологийг ашигласан гэмт хэрэг зэрэг асуудлуудыг голчлон хөндөн хэлэлцэв. Хоёр тал хил орчмын бүсийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны арга замыг тодорхойлсон юм.
Талууд цаашид мансууруулах бодис болон шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, мэдээлэл солилцох, хууль сахиулах салбарын мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд нисгэгчгүй төхөөрөмж, компьютерийн аюулгүй байдал, шүүхийн шинжилгээ зэрэг мэргэшсэн чиглэл багтаж байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хоёр талын холбогдох байгууллагууд хооронд шууд холбоотой албан хаагчийг томилох зэрэг санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон юм.
Хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагын төлөөлөл, тухайлбал Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгуудын Цагдаагийн газрын албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Алтай, Өвөрбайгалийн хязгаарын Дотоод хэргийн сайд нар оролцлоо.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам.
Сэтгэгдэл (1)