Парисын зуны олимпын наадмын үеэр биеэ авч явах өвөрмөц хэв маягаараа дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин уран бүтээлийн агентлагтай гэрээ байгуулжээ.
Plfil агентлаг 31 настай олимпын мөнгөн медальт Ким Еэ Жиг төлөөлөх гэрээ байгуулснаа Даваа гарагт зарласан юм.
“Жүжигчид, уран бүтээлчдийг удирдах туршлага дээрээ үндэслэн бид Ким Еэ Жигийн дотоод болон гадаад дахь үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн тайзан дээр од болон гялалзах нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж Plfil агентлаг мэдэгджээ.
Ким Еэ Жи өнгөрсөн олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүсний дараа түүний өмнөх дэлхийн аваргад оролцож байх үеийн дүрс бичлэг сошиал ертөнцөд хүчтэй тарж, олны анхаарлын төвд орсон юм.
Тухайн бичлэгт Ким хэдийгээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон ч төдийлөн хөөрч догдлолгүй, ихэмсэг бардам дүр төрхөө хадгалж байгааг харуулжээ.
Тэрбумтан Илон Маск хүртэл түүний хөгжөөн дэмжигч болж, бичлэг дээр нь “Тэр тулаант киноны дүр бүтээхэд тохирох хүн. Ямар ч жүжиглэлт хэрэггүй” хэмээн бичиж байв.
Plfil агентлаг Кимийн богино хэмжээтэй видео контентуудыг бүтээж, олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
Бас буудлагын спортыг дэмжих зорилгоор кино, телевизийн цувралд тоглох боломжийг эрэлхийлэхээ бас мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-нд Парист болсон Өмнөд Солонгосын медальтнуудын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Ким Еэ Жи дэлгэцийн урлагт хүч сорих ямар нэг төлөвлөгөө байхгүй, зөвхөн спортын амжилтдаа анхаарал хандуулах бодолтой байгаагаа хэлж байжээ.
Эх сурвалж: Yonhap News