ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 28 /TASS/. “Лос-Анжелес Лэйкерс” баг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ драфтын хоёрдугаар тойрогт НБА-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийг сонголоо. Энэ тухай “Лэйкерс”-ийн хэвлэлийн алба мэдээлэв.
Тус клуб өдгөө 19 настай Бронниг 55-р сонголтоор авчээ. Бронни өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Тэрбээр Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт 2.1 байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Бронни бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнд сагсан бөмбөгийн талбайд үргэлжлүүлэн гарахыг 11 дүгээр сард зөвшөөрчээ.
Өдгөө 39 настай Леброн Жэймс хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөддөг гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм. Тэрбээр хүүтэйгээ зэрэг НБА-д тоглосон анхны тоглогч болж магадгүй байна.
НБА -ийн дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан Леброн 2018 оноос “Лос-Анжелес Лэйкерс” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь “Кливленд” (2003-2010, 2014-2018), “Майами” (2010-2014) багуудад хүчин зүтгэж байв. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр хоёр удаа (2008, 2012) Олимпын аварга болж, мөн Олимпын хүрэл медаль (2004) хүртсэн юм.
“Атланта Хокс” баг драфтын эхний сонголтоор франц довтлогч Закари Рисашег сонгожээ. Түүний араас “Вашингтон Уизардс” Францын өөр нэгэн тоглогч Александр Саррыг авсан байна. “Хьюстон Рокетс” клуб гурав дахь сонголтоор Америкийн хамгаалагч Рид Шеппардыг сонгожээ.