Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод болсон зуны XXII олимпын наадмын чөлөөт бөхийн 57 кг жинд 23 насандаа хүрэл медаль хүртсэн, Сэлэнгэ нутгийн алдарт бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын хүрэл хөшөө Сэлэнгэ аймагт сүндэрлэн байдаг юм.
Өнөөдөр Олон улсын олимпын өдөр тохиож байна. 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Д.Оюунболд “Москва-1980” зуны XXII олимпийн их наадам, “Мехико-1978” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга зэрэг түүхэн амжилтын эзэн юм.
Ийм ч учраас түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор энэхүү хүрэл хөшөөг 2015 онд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын орны өмнө талд босгон байдаг.
Мөн Өргөн Сэлэнгийн бахархал болсон алдарт бөхийн гэр бүл, найз нөхөд, багш, шавь нарынх нь дурсамж ярилцлагаас гадна түүний тухай шүлэг, дуу, нийтлэл, найраглал, өгүүллэгүүд багтсан номыг хэвлүүлэн гаргажээ.
Энэхүү ном бичих санааг МҮОХ-ны гишүүн, Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат анх санаачилж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, хэвлэл мэдээлийн тэргүүн ажилтан, “Ган үзэгтэн” сэтгүүлч, МУСТА Т.Доржсүрэнгээр бичүүлсэн байна.
"Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд” хэмээн номыг түүний найз “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, унаган шавь Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил нар ивээн тэтгэж хэвлүүлжээ.


