x

Цастай өвлийн дараа өнтэй зун болдог

Цастай өвлийн дараа өнтэй зун болдог гэж монголчууд ярьдаг. Зуд нүүрлэсэн хүнд хэцүү өвөл шувтарч, урины нарны илч жигдэрлээ. Хунгарласан цасны доороос монгол гэрүүд бөмбийтөл сугаран тавираад, малчны хотонд нялх төлийн цовоо цолгин дуу сэтгэл хөвсөлзүүлэн эгшиглэнэ. Шөнөдөө ороод үд гэхэд хайлсан нойтон сэвсгэр цасны чийг нийслэлийн өргөн чөлөөг сэрүү татуулавч, хаврын хөнгөн өмсгөлөө өнгө солонгоруулан асаасан охид, залуус ганган гоёмсог агаад налгар тайван. “Монгол бол тэмцэл зөрчилтэй энэ дэлхий ертөнцөд амар тайвны жишиг болсон улс” хэмээн НҮБ-ын генсек Антонио Гутерреш тодорхойлсон. Энэ үнэлгээг дэлхийн гэгдэх удирдагч, манлайлагч нар бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. “Яг одоо Pax Mongolica буюу Монголын их амар амгалан дэлхий ертөнцөд цогцолж, хүн төрөлхтөн үймээн самуунгүй болоосой” гэж Гэгээн Пап лам Францис эрхгүй өгүүлснийг бид нийтээрээ сонсож ихэд хөхин хөөрцгөөсөн билээ.

Муухай дээр улцан

Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байна гэсэн дүгнэлтийг олон улсын харилцааны судлаачид, аюулгүй байдлын шинжээч нар хийж байна. “Шинэ хүйтэн дайн”, “дэлхий дахины хуваагдмал байдал” гэх томъёоллуудыг стратегийн томоохон агентлагууд хөндөн тавьж, геополитикийн орчинд улам бүр нэмэгдэж байгаа ээдрээт нөхцөлд олон улсын амьдрал, улс төр, эдийн засгийн уялдааг урьдчилан харах боломжгүй болсныг цохон анхааруулж буй.

Дэлхийн газрын зураг дээр час улаанаар тэмдэглэсэн 27 эрсдэлийн голомт өнөөдрийн байдлаар идэвхтэй галт уул шиг уугиж байгааг Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгээс “Аюулгүй байдал, стратеги тойм” товхимолдоо дурджээ. Үүний зургаа нь Ойрхи Дорнодод, долоо нь Азид, ес нь Африкт тэмдэглэгдсэн бол гурав нь Өмнөд Америкт байна.Эдгээр зөрчил, мөргөлдөөнийг зогсоох, саармагжуулах боломж хомс байгаад асуудлын хүнд хэцүү нь оршиж буй юм. Төгсгөл, шийдэл нь тодорхойгүй энэ олон тэмцэл самууны хажуугаар эдийн засгийн хүндрэл, цар тахлын үр дагавар, улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямрал, мэдээллийн технологийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлт болон дүрвэлт, цагаачлал, терроризм, гэмт хэргээс үүдсэн аюул занал “муухай дээр улцан” гэгчээр зэрэгцэн тэлж, чухамхүү дэлхий дахины аюулгүй байдал бүхэлдээ эмзэг байна. Ийм ээдрээ түвэгтэй цаг үед аливаа асуудлыг олон улсын хамтын хүчин чармайлт, яриа хэлэлцээгээр шийдвэрлэх, үүний тулд харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох үүднээс хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

Бидний арга зам

Амар тайвны жишиг гэдгээрээ манай улс дэлхийн анхаарлыг татаж, ирэх, очих айлчлалуудын чанар чансаа, түвшин, давтамж нэмэгдэж байгааг анзаарч болохоор. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого баримталж, бүс нутгийнхаа, цаашилбал, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн идэвх чармайлтаа нэмэгдүүлэх нь бидний өөрсдийн маань ч эрх ашгийн ажил хэрэг юм. Учир нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Монгол Улс энэ аргыг тодорхойлон тусгасан. Тийм ч учраас геополитик, геостратегийн нөхцөл байдал эгзэгтэй болж эхэлсэн цагаас олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний хамрах хүрээг өргөжүүлэн, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээрх олон улсын арга хэмжээ, чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, айлчлалыг олноор зохион байгуулж байна. Тэр дундаа хөрш орнуудтай явуулж буй харилцаа, хамтын ажиллагааны тэнцвэрийг хадгалж чадаж байгааг дипломатчид тэмдэглэдэг. НҮБ-ын бүс нутгийн болон системийн байгууллагуудын уулзалт, зөвлөгөөнүүд, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаарх олон улсын байгууллагуудын арга хэмжээг эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байгаагийн дотор Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган, Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын анхдугаар уулзалт зэрэг олон онцлог үйл ажиллагааг дурдаж болно. УИХ-аас АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мүн” сантай хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт ч мөн дэлхий дахины аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар явуулж буй Монгол Улсын идэвх, санаачлагын нэгэн илрэл юм. Хоёр дахь удаагаа болох энэ удаагийн чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилгын 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоон бүрдүүлэх асуудлыг тал бүрээс нь шинжлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Шинэ аюул занал

Улс үндэстэн хийгээд ард түмнүүд бүгд үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, соёлын ялгаатай байдлаасаа үл хамааран эрх тэгш, амар амгалан амьдрах эрхтэй. Гэвч улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй байна. Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, ирээдүйн замналын “замын зураг” болсон Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим биелэхгүй, олон улсын харилцааны уур амьсгалын хүйтрэлтээс болоод хэрэгжилт нь эрс суларч байгаа явдал “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг энэ асуудалд хандуулахаас өөр аргагүй болгосон гэж болох юм.

Аюулгүй байдлын ажиглагчдын үзэж байгаагаар 2024 онд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан цаг агаарын гамшигт үзэгдэл улам ихсэх, бүс нутгийн зөрчил, мөргөлдөөнөөс үүдсэн цагаачид, дүрвэгчдийн нүүдэл өтгөрөн, хиймэл оюун ухааны хөгжлөөс хамааралтайгаар ажилгүйдлийн хэмжээ өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Цахим технологийн дэвшил хүн төрөлхтөнд хөгжлийн шинэ боломжуудыг нээж буй хэдий ч аюулгүй байдалд шинэ эрсдлийг дагуулж байгааг бид Ойрхи Дорнодын болон ОХУ, Украины мөргөлдөөнөөс бэлхэнээ харж байна. Терроризм, зэвсэглэл хийгээд цэргийн технологи хөгжих хэрээр улс орнууд, ард иргэдийн амьдрал түгшүүртэй болж, итгэлцэл, ойлголцол, ойртон нягтрахын гинжин хэлхээ хэврэгшин тасалдах болжээ.

Үечлэл, мөчлөгийн онолчид гамшигт үзэгдэл, дайн самуун хийгээд тахал зовлонгийн давтамжийг ажигласан судалгаандаа үндэслэн хүн төрөлхтний хөгжил, дэлхий ертөнцийн дэг журмын нэгэн шинэ үе ирж байгаа тухай элдэв эргэцүүлэл таамаг дэвшүүлж байна. Энэ 2024 он дэлхийн 60 гаруй улс оронд 76 сонгууль болохоор байгаа нь тэдгээр онолчдын таамаглалтэй нөхцөлдөж, мөн л урьдчилан тааварлашгүй түгшүүрт байдлыг бий болгож байна. Сонгууль болох улс орнуудын дотор АНУ, Индонез, Мексик, Өмнөд Африк, Пакистан, Их Британи зэрэг олон хүн амтай, томоохон эдийн засагтай улсууд багтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сард болж, В.Путин үнэмлэхүй ялалт авсан бол дэлхийн хамгийн олон хүн амтай БНЭУ-ын парламентын сонгууль өнгөрөгч долоо хоногт боллоо. Зургадугаар сард болох Европарламентын сонгуульд Европын Холбооны 27 улс оролцох бол манай УИХ-ын сонгууль парламентат ёсны цоо шинэ мөчлөгийг эхлүүлэх гэж байгаагаараа түүхэн шинжтэй.

Эгзэг, эргэлтийн давхцал

Дэлхийн геополитикийн таашгүй, ээдрээтэй нөхцөл байдалд болох сонгуулиуд чухамдаа ардчиллын эргэлтийн цэг болж, хүн төрөлхтний хамгийн том ололт болсон ардчилал, шударга ёсны зам мөрийг ухраах уу, урагшлуулах уу гэдгийг шийднэ хэмээн олон улсын шинжээчид сануулж буй. Учир нь ардчиллын хамгийн урт удаан уламжлал, гүн бат тогтоц бүхий улс орнуудад ч сорилт, эрсдэлийн шинж тэмдэг илэрч байгааг “Дэлхийн эрх чөлөө”, “Freedom House” байгууллагууд тайлагнаж байна.

Энэ жилийнх шиг олон тооны сонгууль ойрын 25 жилд дахин давтагдахгүй. Сонгуулийн энэ мөчлөг 2050 онд эргэх боловч тэр үед дэлхий дахины уур амьсгал өнөөгийнх шиг хүйтэн байхгүй болов уу. Эгзэг хийгээд эргэлт давхацсан эдүгээ цаг үеийн нөлөөнөөс улс орон бүр энх тайван, аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх нь эрх ашгийн эрэмбэ дарааллын эхэнд бичигдэх нь мэдээж. Энэ эрх ашгийн эрэмбийг алдуулалгүй, үндэсний эв нэгдлээ чандалж чадвал дэлхийн дэг журмын өөрчлөлт хийгээд тэр бүхний сөрөг нөлөөг багасгаж, эрсдэл сорилтыг хор холбогдолгүй сөрөн гарах боломж бий.

Зөрчил тэмцэл өрнөсөн бүс нутгуудын төв дунд энх амгалангийн арал адил анир гүм налайн буй Монгол Улсад газрын чийг ханасан сэрүүн сэвшээ хавар болж байна. Цастай өвлийн дараа өнтэй зун болдог гэдэгчлэн дэлхийн улс орнуудын үл итгэлцэл, уур амьсгалын хүйтрэлт шувтарч өнтэй, сайхан зун цаг ирэх нь гарцаагүй. Гагцхүү амар тайван, аюулгүй амьдралын төлөөх чин хүсэл эрмэлзэлтэй байж, нийтээрээ чармайн, нэгдэж зүтгэх нь цор ганц зөв зам юм. Учир нь, амар амгалангийн хөрс нь эв нэгдэл бөгөөд “Эвээ эвдсэнээс эдээ эвдсэн нь дээр” гэж монголчууд хэлэлцдэг.

Д.Энхболдбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав 16 цаг 44 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 16 цаг 54 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 17 цаг 56 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 18 цаг 59 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 22 цаг 44 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ Уржигдар 16 цаг 02 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв Уржигдар 16 цаг 01 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 15 цаг 59 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина Уржигдар 15 цаг 37 мин Ихэнх нутгаар дулаарна Уржигдар 15 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Уржигдар 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Уржигдар 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Уржигдар 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Уржигдар 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Уржигдар 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Уржигдар 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Уржигдар 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Уржигдар 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Уржигдар 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top