УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог даргалж, Нүүрсний сонсголыг зохион байгуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр орой өөрийн твиттер хаягаар нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Тэр "Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв(үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна" хэмээн зарласан юм.
Сайдын хийсэн мэдэгдэл үнэн бол өнөөдрөөс эхлэн түүний эсрэг соошил дайралтууд явж эхэлнэ. Гэхдээ хуулийн салбарыг толгойлж байгаа сайд хүн гэмт хэргийн чанартай ийм үйлдэлтэй эвлэрээд "тэгнэ, ингэнэ" гээд зарлаад сууж байж боломгүй. Ядаж л хууль бус үйлдлийг санхүүжүүлж байгаа төрийн өмчит компаниудаа ил тод нэрлээд, хуулийн байгууллагад өгмөөр байна. Хэрэв тэгж чадахгүй гэвэл сайд өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд эргээд ороогдож магадгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар нэг удаа "Ямар ч ажлыг хийх болоход заавал нэг үл үзэгдэгч саад болдог" гэж хэлсэн. Манай улстөрчид, шийдвэр гаргагчид иймэрхүү "үл үзэгдэгч"-ээр тоглохдоо гаргууд болоод байгаа. Энэ удаа харин Хууль зүйн сайд маань ядаж л "төрийн өмчит компаниуд" гэж цохсон учраас тухайн компаниудын нэрийг нийтэд ил зарлах нь хуулийн өмнө хүлээсэн сайдын үүрэг болж байна.